Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж \”Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас \”Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах уриалга гаргажээ.
Иргэдэд зориулсан томоохон баяруудын нэг болох энэхүү шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн олон мянган иргэд оролцдог бөгөөд цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлуудын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгхөөр төлөвлөж байгаа аж.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талбайн зөвшөөрөл, автомашины зөвшөөрөл, замын хөдөлгөөний болон хэв журам, түргэн тусламж, галын аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны асуудал зэргийг бүрэн хариуцах юм байна. Хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү онцгой боломжийг ашиглан Сүхбаатарын талбайд урлагийг тоглолт, шууд дамжуулалт болон сурталчилгаа, талбайн болон тайзны засал чимэглэл зэргээр дамжуулан өөрийн байгууллагын танилцуулга сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах онцгой боломж нээгдэж байгаа тул хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагын газраас мэдээллээ.