Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Шатахууны нөөц хэвийн буюу 45 хоногийн нөөцтэй байна.
Сүүлийн жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос харагдаагүй өндөр үзүүлэлт. Үүн дээр нэмээд он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна.
Бидний 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1,110 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас шатахуун литр нь 3,330 төгрөгөөр орж ирж байна гэсэн үг.
Бид саяхан, манай улсад шатахуун импортлогч “Роснефть” компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.
Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна” хэмээн ярилаа.
“Дизель түлшний онцгой албан татварыг тэглэсний үр дүнд өнөөдөр 3,380 төгрөгөөр худалдаалагдаж байна”
Үргэлжлүүлэн “Дизель түлшний хувьд Сингапурын хөрөнгийн биржээс тооцоолсон үнэ нь нэг тонн нь 1,047 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцоолбол литр нь 3,714 төгрөг гэсэн үг.
Тэгвэл Засгийн газраас дизель түлшний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаснаар өнөөдөр 3,380 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Бид шатахууны үнийг дэлхийн зах зээлээс илүү хямдаар авах бүх талын арга хэмжээг авч байна” гэв.