Сүүлийн хоёр долоо хоног орчим хугацаанд нийтдээ 1.5 тэрбум хүн амьдардаг Энэтхэгийн хойгт агаарын температур урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрч халаад байна.
Энэ жилийн халалт ердийн үеийнхээсээ хоёр сарын өмнө эхэлснийг судлаачид мэдээлжээ.
Энэтхэгийн баруун хойд болон төв бүсийн нутагт сүүлийн 122 жилд бүртгэгдээгүй халуун дөрөвдүгээр сар болж өнгөрсөн байна. Пакистаны Синдх мужийн Жакобабад хотод өнгөрсөн Бямба гарагт Цельсийн 49 хэм хүрсэн нь дөрөвдүгээр сард дэлхий даяар бүртгэгдсэн хамгийн халуун өдөр болж түүхэнд бичигджээ.
Украины дайнтай холбоотойгоор дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байгаа цаг үед энэ нь маш муу мэдээ болж байна.
Мөн агаар хэт халсан бүс нутгуудад усны хомсдол, цахилгаан эрчим хүчний ноцтой хомсдол үүсжээ.
Пакистаны өмнөд бүсийн Балочистан мужид хоногт 18 цагийн цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн нь айл өрхүүд агааржуулагч, сэнс их ашиглах болсонтой холбоотой юм байна.
Агаарын температур Цельсийн 40 хэмээс давсан тохиолдолд хэт халалтад тооцдог.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Энэтхэгийн Биканер хотод Цельсийн 47.1 хэм хүрч халсан нь тус улсын хувьд хамгийн халуун цэг болжээ.
Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл Энэтхэгийн баруун хойд хэсгийн зарим нутагт газрын гадарга дээр Цельсийн 60 хэм давж халсан байна.
Жилийн энэ үед агаарын дундаж хэм Цельсийн 45-55 хооронд байдагтай харьцуулбал энэ нь ер бусын үзэгдэл юм.
Тухайлбал Ахмедабад хотын зүүн өмнөд, баруун өмнөд хэсэгт газрын гадарга дээр 65 хэмийн халалт бүртгэгдсэнийг Европын Сансар Судлалын Агентлаг мэдээлжээ.
Баасан гарагт Энэтхэг улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 207,111 МВатт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Тус улс сүүлийн 60 жилийн түүхэндээ хамгийн ноцтой эрчим хүчний хомстолд ороод байгааг мэргэжилтнүүд баталж байна.
Жарханд, Харяана, Бихар, Пунжаб, Махараштра мужуудад нүүрсний нийлүүлэлт тасалдсанаас цахилгааны хязгаарлалтыг өдрийн найман цагаар тогтоожээ.
Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Энэтхэгийн Төмөр Зам компани зорчигч тээвэр, шуудан тээврийн зарим чиглэлүүдээ цуцалсан байна.
Эх сурвалж: The Guardian