УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймаг дахь Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож байна.
Уг асуудлыг хэлэлцэхээр байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлсэн ч гишүүдийн зүгээс хаалттай горимд шилжих санал гаргав.
Тодруулбал, Б.Энх-Амгалан гишүүн хаалттай хэлэлцэх санал гаргасан бол түүнийг Ц.Сэргэлэн нарын гишүүд дэмжсэн юм. Ц.Сэргэлэн гишүүн “Хаалттай хэлэлцсэн нь дээр. Алуулна шүү” хэмээн хэлж байгаа нь хуралдааныг дамжуулсан бичлэгт тод харагдаж байв.
Ташрамд дурдахад, Ц.Сэргэлэн нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад, Дорнод аймгаас нэр дэвшин сонгогдсон билээ.
Ийнхүү “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд хаалттай сонсож байна.