Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны/ЕСБХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 километр авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлсэн байна.
Харин Багц-2 дугаар хэсгийн эхний 27 километр, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальт бетон хучилтын ажлыг долдугаар сарын 10-н гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан эхлүүлээд байгаа.
2022 оны тавдугаар сарын 6-20-ны өдрийн хооронд хийсэн ажлын гүйцэтгэл
- Багц 1: Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам.
- Багц 2: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам юм.
- Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам.
- Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км зам.
- Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам.
Хоёр, дөрөвдүгээр багцын 90.5 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд нээх амлалтыг замын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд өгөөд байна.
Тус чиглэлийн авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ.