Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудтай тохиролцож, тунхаг бичигт гарын үсэг зурав. Үндсэндээ сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог дахин нэмэх хувилбар дээр тохиролцжээ гэж харагдаж байна.
Улмаар гишүүд тойрог тойрог руугаа явж, иргэдээс дэмжлэг авах ажилд ханцуй шамдах бололтой.
Асар богино буюу ердөө долоо хоногийн хугацаанд л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх гэж улайрч байгаа нь олон нийтийн захиалга гэхээсээ илүү эрх барьж буй нам улс төрийн хүчний өөрсдийнх нь хүсэл сонирхол гэлтэй.
Тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага бий нь үнэн. Гэхдээ тогтолцооны өөрчлөлт хийх гэж байна гээд хөнгөн хуймгай хандаж болмооргүй байна.
Улс төрийн намуудтай тохиролцож, гарын үсэг зурсан тунхаг бичигт ҮХНӨ-ийн гол агуулга нь УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал гэж байгаа юм. Ингэснээр иргэдийн санал гээгдэхгүй, УИХ-ын гишүүдийн эрх мэдэл багасна гэж тайлбарлаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа 76 гишүүнийг гуравны нэг /1/3/ -ээр нэмэгдүүлж, 101 болгон нэмэгдүүлэн 2024-2028 оны парламентыг ажиллуулах хувилбар яригдаж байгаа аж. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийг “холимог” буюу мажоритарболон хувь тэнцүүлэх тогтолцоо хосолсон байдлаар хийх талаар яригдаж байгаа аж. Ингэхдээ парламентын 25 гишүүнийг улс төрийн намын авсан саналд нь хувь тэнцүүлэн хөрвүүлэн сонгох бол, 76 гишүүнийг “томсгосон мажоритар” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандат /хуучнаар нь/-тай хийхээр төлөвлөж байгаа аж. Товчхондоо, УИХ-ын гишүүдийн тоог 101 болгон нэмэгдүүлж, 25 гишүүнийг жагсаалтаар, 76 гишүүнийг тойрогт нэр дэвшүүлж сонгоно гэсэн үг. Энэ өөрчлөлтийг намын нэрээр улс төрийн карьераа дуусгасан ахмадууд их хуралд тухлах гэж байна хэмээн иргэд эсэргүүцэж байна. Манайх өмнө нь сонгуулийн энэ тогтолцоог туршиж хэрэгжүүлж үзсэн. Алдаа дутагдал их байна гээд өөрчилсөн санагдаж байна. Гэтэл дахин ийм тогтолцоогоор сонгуульдах гэж байгаагийн цаана юу л байгаа бол доо…