УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Тус УИХ-ын тогтоолоор УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо очиж ажиллаж, Үндсэн хуулийг нэмж, өөрчлөх эсэх талаар иргэдийн санаа бодлыг сонсох юм. Тогтоолын төслийг хэлэлцсэн чуулганы протоколыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Сонгуулийн холимог тогтолцооны асуудлыг оруулж иржээ. Бид эндээс ямар ойлголттой явах вэ. Хэдэн гишүүн нь мажораториор, хэдэн гишүүн нь пропорционалаар байна гэж хэлэх юм. Гишүүдийн тоог нэмнэ гэх юм уу.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд11 сэдвээр санал авна.
2019 оны ҮХНӨ-өөр зарим санал үлдсэн. Тухайлбал, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дэмжигдээгүй. Үүнийг гүйцээх шаардлага байна гэж эрдэмтэд ярьдаг. Мөн улс төрийн намууд байнга шаардаж байгаа. Тиймээс энэ бүгдэд ард иргэд ямар санаа бодолтой байгааг улсын хэмжээнд энэ сарын 18-26-ны хооронд сонсоно. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо очиж хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэдийн дэмжсэн асуудлаар ҮХНӨ явагдана.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ийм санал асуулга явуулна гэж заагаагүй байна. Ард иргэдийн саналыг сонсох талаар нэг л заалт бий. Тэр нь ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх явцад гишүүдийн 2/3 нь ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзвэл явуулна. Хуулийн төсөл байвал шүү дээ.
Мөн тус хуульд, УИХ хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй гэж заасан. Гэтэл бид ингээд ярьж байгаа нь хуулийг хангахгүй байна. УИХ ингэснээр хууль зөрчинө.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах, бодитой ил тод байх гэж заасан. Энэ зарчмыг хангахдаа ҮХНӨ-ийн төсөл санаачлах үеэс эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, бусад байгууллагын оролцоог хангана. Мөн иргэдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог хангана гэж заасан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах гэж байж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхгүй, сэмхэн, шийдвэр нь гарсан байдлаар орж ирлээ. Энэ талаар ажлын хэсэг мэдээлэл өгөхгүйгээр гэнэт оруулж ирж байна. Тойрогтоо ажиллах хооронд чуулган түр завсарлах юм уу, яах юм. УИХ дахь АН-ын бүлгийн асуудал маргаантай байгаа. Энэ асуудлыг нэг талд нь шийдчихээд ҮХНӨ ярьж болохгүй байсан юм уу. Би энэ талаарх мэдээллийг анх л сонслоо. Бүлэгт биш юм аа гэхэд хувь гишүүдэд яагаад мэдээлэл өгөөгүй вэ. Бид ямар жижиг асуудал шийдэх гэж байгаа биш дээ. Ингэж хандмааргүй байна. Их сэмхэн оруулж ирлээ. Бид тойрогтоо очоод өгөх мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: Та бүгдийг нь сайн мэдэж байга шүү дээ. ҮХНӨ-ийн талаар өнгөрсөн жилээс хойш яваад л байгаа. УИХ өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийг байгуулсан. Бид сэмхэн хийгээгүй, хуулийн дагуу ил тод хийж байна.
Асуулт хариултын дараа гишүүд санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ард түмний дэмжиж байгаа эсэхийг гарыг нь өргүүлээд тоолоод авах юм уу. Өмнө ҮХНӨ хийхэд шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг очиход бэлтгэсэн жүжиг явж байдаг. Очоод заавал ҮХНӨ хийх ёстой гээд бэлдсэн хүмүүс үг хэлдэг. Түүнийгээ ард түмэн дэмжлээ гэж хэлдэг. Бид долоо хоногт явж амжихгүй.
Энэ дөрвөн зүйл нь их бүрхэг байна. Жишээлбэл, пропорционал систем. Ард түмэн улс төрийн тогтолцооноос биш бүтэхгүй улстөрчдөөс уйдсан. Энэ хүмүүсээс уйдаад 2024 оны сонгуулиар үлдэгдлийг нь арчих гэж байхад пропорционал систем гэдгээр оруулж ирэх гэж байгаа юм биш үү. Ард түмэн энэ хүмүүсийг хаалгаар гаргаад хаяхаар цонхоор оруулаад ирдэг. Цонхоор нь буцаагаад гаргангуут тооноор нь оруулаад ирэх вий.
Олон намын систем оруулж ирж, бүгдээрээ ярьж бүлээн усаар угаая гэж байгаа бололтой. Одоо гудамжны, үндэсний бүтэцгүй, намуудыг, 30 жил горьдогсдыг ордонд оруулах гэж байгаа нь хэлэлцүүлгийн явцад харагдсан. Т.Доржханд гишүүний 100 мянган иргэний гарын үсэг энэ тэр худлаа шүү дээ. Хэнд ч гэсэн 100 мянган гарын үсэг бий. Би гараад явахад 100 мянган гарын үсгийг долоо хоногийн дотор олоод л ирнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би санал асуулгын дараа тойргийнхоо таван сумаар явсан. Бүгдээс нь санал асуулгад оролцсон уу гээд асуухад хоёрхон хүн л гараа өргөсөн. Та хоёр яагаад үүнд оролцов гэсэн чинь аймгийн төвд явж байгаад оролцсон гэсэн. Санал асуулгад 82 мянган хүн санал асуулгад оролцсон гэсэн. Хэрэв үүнийг 330 суманд хуваавал миний очсон сум бүрээс 275 хүн санал асуулгад оролцох ёстой байсан. Таван сумаас хоёр хүн л байсан шүү. Тиймээс иргэд санал асуулгад идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна.
ҮХНӨ-ийн асуудалд би намын байр суурийг харж байж хувийн байр сууриа илэрхийлнэ. МАН-ын дарга, УИХ-ын дарга нар хийх өөрчлөлтөө танилцуулахгүйгээр янз бүрийн хэлэлцүүлэг хийгээд байгаа нь тохиромжгүй. Тиймээс тодорхой ийм, ийм өөрчлөлт хийнэ гэж ард иргэд дээрээ очих хэрэгтэй байна.
Энэ ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүд өөрсдөө эрх ямба авсан өөрчлөлт хийх гэж байна. Нэгд, УИХ-ын гишүүн өөрийгөө сонгуулах зарчмаа, системээ ярих гэж байна. Хоёрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байна. Гуравт, давхар дээлтэй болох тухай ярьж, өөртөө эрх ямба авч, сайд болох гэж байна. УИХ нь гишүүдийн эрх ямбыг нэмэх зүйлийг санаачилж болохгүй. Ерөнхийлөгч юм уу, Засгийн газар санаачлах ёстой. Зарим нэг хүн, Т.Доржханд мэтийн нөхөд жагсаалтад орох гээд чичрээд байна. Т.Доржханд аа, Хан-Уулдаа очиж үз. Би яахав Ховдоосоо очоод үзчихье.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тус асуудлыг хэлэлцэх үед 43 гишүүний ирцтэй байв. Хуралдаанд оролцсон 32 гишүүн /74.4 хувь/ тогтоолын төслийг дэмжсэнээр эцэслэн батлагдав. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Г.Амартүвшин, Б.Бейсен, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нар дэмжсэнгүй.