Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар өнөө өглөө 05:00-08:00 цагийн хооронд манан ажиглагдлаа.
Энэ талаар Цаг Уур Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын мэргэжилтнээс тодруулахад “Зарим бүс нутгаар өглөөний 05:00 цагаас хойш хөрөлтийн манан үүссэн. Хөрөлтийн манан нь үүлгүй цэлмэг, салхи багатай, агаарын температур хөрсөн нөхцөлд ажиглагддаг. Өнгөрсөн шөнө Туул голын хөндийгөөр 4-7 градус дулаан хонолоо. Өөрөөр хэлбэл, зуны улирал эхэлснээс хойш харьцангуй хүйтэн хоносон шөнө гэсэн үг.
Манан нь дотроо олон төрөлтэй. Тухайлбал, хөрөлтийн манан нь хүйтэн агаар тунарч байгаа уул хооронд, голын хөндий дагуу ажиглагдах нөхцөл бүрддэг. Түүнчлэн хүйтэн агаар чийглэг гадарга дээр нүүж ирээд нүүлтийн манан татдаг” гэлээ.