Монголчууд цагаан идээг боловсруулж ашиглах болсон нь эртний монголчууд мал аж ахуйг эрхэлсэн тэр үеэс эхэлжээ. 2000 жилийн өмнө Хүннүчүүд сүү, цагаан идээгээр элбэг дэлбэг байж, айраг эсгэж, хурууд агшааж иддэг байжээ. Сүү, сүүн гарвалт идээ, ундааг монголчууд үеийн үед эрүүл энх, урт наслахын уг сурвалж хэмээн үзэж хоол хүнсэндээ аль болохоор түлхүү оруулахыг хичээж түүний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах зүйл зүйлийн увидасыг танин мэдэх талаар баялаг туршлага хуримтлуулжээ. Ялангуяа зуны дэлгэр цагт сүү, цагаан идээг өргөн хэрэглэдэг. Монгол хүн сүүг цай сүлэх, хүүхэд тэжээх, эмчилгээ сувиллын чиглэлээр хэрэглэхээс бус дангаар нь ууж заншаагүй. Харин хөөрүүлэн болгож хөөрүүлэг, буцалгаа, зуурмаг, зутан, шахмаг зэргийг хийхээс гадна, хамгийн гол нь янз янзын аргаар хувилган, олон төрлийн идээ, ундааг хийж боловсруулах эх сурвалж болгон иржээ.
НАМРЫН УЛИРАЛД НОГООН ИДЭЭГ ХҮНСЭНДЭЭ ЗААВАЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Ногоон идээг дотор нь 2 үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд хүнсний таримал ногоо болон байгалийн жимс жимсгэнэ багтана. Монголчууд хүнсний ногоог хожуу хэрэглэж байсан санаа олонтоо цухалцдаг. Гэвч Кидан улсын үеэс монголчууд хүнсний ногоо хэрэглэж байсан хятад сурвалжууд байдаг байна. Нэгэн тэмдэглэлд “10 дугаар зууны эхээр Кидан нар Уйгараас тарвас (шийгуа)-ын үр авчирч тарвас тарьдаг, тарьсан тарвас нь хятадын дун гуа шиг, маш амттай байсан” хэмээн өгүүлжээ. Их хаадын үеийн дайн дажны хөлөөс голлон шалтгаалж Хятад, Дундад Азийн ард түмний зарим хэсэг монгол нутагт тухайлбал: Хархорум, Чингайн балгас мэтийн олон сууринд шилжин ирж суурьшин үр тариа, хүнсний ногоо тариалах ажлыг эрхлэхэд монголчууд ч бас оролцож байсныг түүх гэрчилнэ. Энэ тухай захын хоёр жишээг иш татав .
“Хархорумыг тойрон суугаа хүмүүсийн олонхи нь тариа тариадаг, түүнийгээ ус татан усална. Тэдэнд нилээд тариа, төмс бий“ хэмээн 13-р зууны тэргүүн хагаст монголоор явсан Хятадын жуулчин Чжан Да-Хуйн тэмдэглэлд дурьджээ. Их хаан Хубилай ард олонд тариа, төмсийг өглөг болгон өгдөг байсан тухай Марко Поло тэмдэглэсэн байдаг. Хожим нь 1720 онд халхын нутгаар явсан Манжийн хаан элч Тулишин замын тэмдэглэлдээ “Сэлэнгэ мөрний савд хоёр зүйлийн лууван, сармис, цайвар, цагаан, ногоон сонгино зэргийг тарьсан байжээ. Сэлэнгийн эргээр тариалан тарих газар элбэг” гэж тэмдэглэжээ. Хүнсний ногоо тариалалт тэрхүү суурин амьдрал бараадагсдын хоол хүнсэнд аль нэг хэмжээгээр холио жийрэг болж нэр төрлийг нь нэмэгдүүлсэн гэж хэлж болох бүрэн үндэстэй. Ногоон идээг намрын улиралд хэрэглэх бөгөөд зарим тэрлийн хүнсний ногоог даршлан өвлийн цагт улаан идээний аагийг тэнцүүлэх зорилгоор хэрэглэдэг.
ШУ-ны доктор, профессор Ш.Болд “Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг”