Хүй долоон худаг дахь \”Монгол наадам цогцолбор”-т байгуулсан \”Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
\”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга Я.Болдбаатар \”Манай \”Ub Resort” цанын бааз нь эрүүл агаарт иргэдийг ая тухтай амарч зугаалах боломжоор хангах гол зорилготой. Үнэ хямд, аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэт өндөр биш газрыг сонгосон. Нийтийн тээврийн асуудлыг шийдүүлэхээр бид амралтын өдрүүдэд чиглэлийн автобус явуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Цаашдаа бид орчин үеийн цанын бааз байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол эхлэл ажил юм. Нэг дор 100 хүн хүлээн авах боломжтой. Цанын баазыг байгуулахад нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулаагүй.\” гэлээ. Мөн байгууллага, хамт олон цасны баяраа тэмдэглэх боломжтойг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.