УИХ-ын тамгын газрын Хяналт, шалгалт үнэлгээний газрын төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс төсвийн гүйцэтгэлийг эхний долоон сараар гаргажээ. Төсвийн гүйцэтгэлийг тоймлон хүргэе.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбумын алдагдалтай гарав
Эхний долоон сарын байдлаар нийт орлого, тусламжийн дүн 8 их наяд 708.5 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 9 их наяд 496.9 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 1 их наяд 502.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлт юм.
Төсвийн орлого 527.3 тэрбумаар дутуу биелэв
2022 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр төсөвт 8 их наяд 708.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Төсвийн орлого төлөвлөгөөнөөс 527.3 тэрбумаар дутуу биелснээр 94.3 хувийн гүйцэтгэлтэй болж буй юм. Төсвийн орлогын биелэлтийг задлан авч үзвэл, нийгмийн даатгалын сан 5.2 хувь буюу 70.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж биелэв. Харин улсын төсөв 4.6 хувь буюу 253.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсөв 11.5 хувь буюу 196.4 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 3.8 хувь буюу 32.5 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тус тус дутуу төвлөрчээ. Төсвийн орлого дутуу төвлөрсөн нь татварын орлого 2.1 хувь буюу 179.8 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 47.5 хувь буюу 374 тэрбум төгрөгөөр дутуу төсвлөрснөөс шалтгаалжээ.
Тодруулбал, улсын төсвийн татварын бус орлого 374 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн нь орлого бүрдүүлдэг орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн орлого 74.8 хувь буюу 120.4 тэрбум төгрөг, газрын тосны орлого 98.8 хувь буюу 142.5 тэрбум төгрөгөөр тасарсан нь тус тус нөлөөлсөн байна.
Мөн татварын орлого төлөвлөснөөс 2.1 хувь буюу 179.8 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд хөрөнгийн албан татвар 9.1 хувь (13.3 тэрбум төгрөг), нэмэгдсэн өртгийн албан татвар 1.2 хувь (25.0 тэрбум төгрөг), онцгой албан татвар 17.9 хувь (116.1 тэрбум төгрөг), бусад татвар, төлбөр хураамжийн орлого 23.7 хувиар (382.5 тэрбум төгрөг) тус тус төлөвлөснөөс дутуу биелсэн нь нөлөөлжээ. Тодруулбал, онцгой албан татварыг бүрдүүлэх автобензин, дизель түлшний онцгой албан татвар төлөвлөснөөс 58.8 хувь буюу 117.0 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Мөн бусад татвар, төлбөр хураамжийн орлогын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 25.1 хувь буюу 311.0 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Энэ нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалтын улмаас БНХАУ-ын хилийн хоригтой холбоотой эрдэс бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ буурснаас шалтгаалсан байна.
Төлөвлөгөөтэй харьцуулахад орлогын албан татвар 15.1 хувь (252.6 тэрбум төгрөг), нийгмийн даатгалын орлого 3.4 хувь (52.0 тэрбум төгрөг), тусгай зориулалтын орлого 12.6 хувь (1.2 тэрбум төгрөг), гадаад үйл ажиллагааны орлого 8.0 хувь (51.3 тэрбум төгрөг) тус тус давж биелсэн байна.
Төсвийн зарлагаас 2 их наядыг дутуу зарцуулав
Төсвийн нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлд 11 их наяд 526.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 82.4 хувийг зарлагадаж 2 их наяд 029.6 тэрбум төгрөгийг дутуу зарцуулжээ. Эхний долоон сарын гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 1 их наяд 286.5 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 976.4 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зарлага 36.6 тэрбум, ирээдүйн өв сангийн зарлага 1.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 102.7 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагдсан аж.
Улсын төсвөөс хөрөнгө оруулалтад 392.3 тэрбумыг зарцуулав
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2022 онд нийт 1,393.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 2022 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 519.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 392.3 тэрбум төгрөгийг зарцуулж 75.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлэх 303.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төсөвлөснөөс эхний 7 сарын байдлаар 288.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгаж, 225.3 тэрбум төгрөг буюу 88.4 хувийн гүйцэтгэлтэй гарав.