Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчилжээ. Хэрэг үйлдсэн этгээдүүд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудаст \”Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн утга бүхий зар тарааж, иргэдийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шуудан илгээн хэргийг үйлджээ.
Тэд өөрсдийгөө Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж, хүсэлт амжилттай бүртгэгдсэн тул 30 минутын дотор мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд үүссэн эрх цуцлагдана хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Ийм байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа аж.
Энэхүү хэрэгт зохион байгуулагчаар 1967 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У нарыг татан оролцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар /компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Дээрх этгээдүүд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байжээ. Иргэдийг хайхрамжгүй байдлаасаа болж хохирохгүй байхыг, аливаа санал хүсэлт цахим хуудсанд нь ирсэн тохиолдолд холбогдох байгууллагаас лавласны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.