Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэмэгдүүлсэн шийдвэр танилцуулах үеэр Төгрөгийн ханштай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Нэг жилээс дээш хугацаатайгаар гаднаас орж ирэх ам.доллар заавал байлгах нөөцөөс чөлөөлөгддөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг жилээс дээш хугацаатай орж ирсэн ам.долларын 18 хувийг төв банканд заавал байршуулдаг байсан бол одоо байршуулахгүйгээр зах зээл руу гарна гэсэн үг. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлсэнчлэн гадаад эх үүсвэрүүдийн хүү нэлээд өсөж байна. Суурь хүүнүүд өсөхөөр үүнийг дагаад арилжааны шинжтэй гадаад эх үүсвэрийн хүү өснө.
Нөгөө талд эдгээр авч хэрэгжүүлж буй зүйлс валютын эх үүсвэрийг урамшуулж байгаа хэрэг.
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувиар өргөсгөсөн. Энэ нь цаад утгаараа бодлогын хүү 12% байгаа боловч төв банкны зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар зарладаг үнэт цаасны хүү 14% болж байна. 14%-тай төв банкны үнэт цаас зах зээл дээр арилжаалагдаж байна гэдэг төгрөгийн хадгаламжийн хүү энэ түвшинд хүрэх орон зай үүссэн хэрэг.
Өөрөөр хэлбэл банкуудад байршуулах хадгаламжийн хэмжээ 14% болж өсөх бололцоотой учраас төгрөгийн өгөөж бараг 400 суурь нэгжээр дээшлэх бололцоо нэмэгдэж буй хэрэг билээ. Системийн дунжаар одоогийн 9.5, 10 хувийн төгрөгийн хадгаламжийн нэг жилийн хугацаатай хүү 14-15 хувьд хүрэх бололцоотой болж байна. тэгэхээр төгрөгийн өгөөжийг өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хүчтэй арга хэмжээ гэж ойлгож болно.
Төв банкны урт хугацаат үнэт цаасны хүү 14%-д хүрч байгаа нь банкууд төгрөгийн хадгаламжийг 14, 15 хувьд хүргэж өсгөх орон зай үүссэн гэсэн үг” гэлээ.