Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш яах бол, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарсан. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна.
Нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий. Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа.
Манай улсын нүүрс ямар үнээр зарагдах ёстой талаар “Уурхайн аман дээрээс нэг тонн нүүрс 71 ам.доллароор, харин хил дээрх үнэ нь 129 ам.доллароор зарагдаж байна. Энэ хоёрын хооронд 58 ам.долларын зөрүү гарч байгаа. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой” гэлээ.
Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй
Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд:
- Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа.
- Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Үүнтэй холбоотой бүх гэрээг цахимжуулах юм. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм.
- Нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжиж байна. Яагаад гэвэл нүүрс авах хүсэлт олон талаас ирдэг. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. Элдэв хардлага алга болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана.
- Валютын урсгалыг сайжруулах зорилгоор өмнө нь хийгдсэн гэрээ, валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийх замаар валютын урсгалаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон гэжээ.
“Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Монголд оруулж ирэх ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийг үүрэг болгож байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсад орж ирэх валютын нөөц нэмэгдэх боломжтойг хэлмээр байна” гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.