Ногоон цай хэрэглэх нь шүд цоорох өвчнөөс сэргийлж чадах уу?
Ногоон цайг анх 4000 гаруй жилийн өмнө Хятад оточ нар Camellia sinensis ургамлын хатаасан навчнаас гаргаж авсан бөгөөд өдгөө маш олон төрлийн ногоон цайнууд үйлдвэрлэгдэж хэрэглэгчдийн гарт хүрээд байгаа билээ. Мөн ногоон цайны ханд агуулсан ундаа, ам зайлагч, бохь зэрэг олон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг.
Ногоон цайны найрлага
Ногоон цайнд хүний биеийн дархлааны системийг сайжруулах олон төрлийн бодис агуулагддаг. Ногоон цайны хуурай жингийн 30 орчим хувийг полифенолууд (катехин) эзлэх бөгөөд эдгээр нь маш ашиг тустай нэгдэл юм. Ногоон цайнд эпикатехин галлат (ЭКГ), эпикатехин, эпигаллокатехин, эпигаллокатехин галлат дөрвөн төрлийн полифенолууд (катехин) агуулагддаг. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), хром, манган, селен, фтор, цайр гэх мэт эрдэсүүд зарим фитохимийн нэгдлүүд агуулагддаг.
Ногоон цайнд агуулагдах полифенолыг эмчилгээнд хэрэглэснээр хорт хавдар, зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгээс урьдчилан сэргийлж байгаа нь олон олон эпидемиологи болон туршилтын судалгаануудаар батлагдаад байна. Түүний химийн идэвхитэй найрлага нь үрэвслийн эсрэг, антиоксидант, бактерийн эсрэг үйлчилгээ зэрэг фармоклогийн шинж чанартай байна.
Ногоон цай шүд цоорох өвчин үүсэхээс сэргийлэх нь
Шүд цоорох өвчин үүсгэгч хүчин зүйлсд амны хөндийн орчин , өнгөр дэх нян, нүүрс ус, тэдгээрийн орших цаг хугацаа ордог бөгөөд эдгээр хүчин зүйлс бүрдсэнээр шүд эрдэсгүйжиж улмаар цоорол үүсдэг. Амны хөндийн бичил биетнүүд, ялангуяа шүд цоорох өвчин үүсгэгч Streptococcus mutans, streptococcus sobrinus, streptococcus salivarius, Lactobacillus нь хүчиллэг орчинг тэсвэрлэж, их хэмжээний сүүний хүчлийг үүсгэдэг бөгөөд энэ нь шүд цоорох өвчинг үүсгэгч гол хүчин зүйл болдог. Хэдийгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь шүд цоорох өвчнийг бууруулж чаддаг ч амны хөндийн микрофлорыг тасалдуулж, амны хөндийн микрофлорыг устгадаг бөгөөд энэ нь Candida albicans зэрэг оппортунист эмгэг төрүүлэгчдийн өсөлтөд таатай орчин болж өгдөг.
Ногоон цай нь шүлсэн дэх цоорол үүсгэгч гол бактери болох s.mutans-ийн хэмжээг бууруулж, улмаар шүд цоорох өвчнөөс сэргийлдэг. Ногоон цай нь иммуноглобулин, лизоцим, лактоферрин, гистатин, муцин зэрэг амны хөндийн бактериостатик уургуудыг өдөөх замаар бактерийн эсрэг шууд бус нөлөөг мөн үзүүлдэг байна. Ногоон цай нь шүд цоорох өвчнийг бууруулах ач тустайг амьтан, хүн дээр хийгдсэн судалгаануудаар нотолсон байна.
Ногоон цайнд агуулагдах полифенол нь амны хөндийн рН орчинг өөрчилдөг
Ногоон цай нь сүүний хүчлийг үүсгэгч лактат дегидрогеназа ферментийг дарангуйлж, улмаар нүүрс ус хэрэглэсний дараа хүчил үүсэхийг бууруулдаг ба энэ нь шүдний эрдэсгүйжлээс хамгаалж байгаа юм. Ногоон цай нь шүлсний рН-ийг нэмэгдүүлж хүчиллэг орчинг саармагжуулж хэвийн түвшинд байлгаснаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй юм.
Ногоон цайтай амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
Шүдний өвчлөлийн үзүүлэлтүүд нь шүдээ угаах давтамжтай ихээхэн холбоотой байсан бөгөөд мөн ногоон цайны хэрэглээтэй холбоотой болохыг ихэнх судалгаануудаар тогтоожээ.Ногоон цайны энэхүү үйлчилгээтэй холбоотойгоор ногоон цай агуулсан ам зайлах уусмал, оо, ногоон цайтай бохь , гаа зэргийг үйлдвэрлэгчид гаргаад байна.
Өдөрт дунджаар 2-3 аяга (нийт 240-320 мг полифенол) буюу өдөрт 100-750 мг ногоон цай уухыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Полифенолын антиоксидант үйлчлэл
Полифенолууд чөлөөт радикалуудыг идэвхгүйжүүлэх замаар бие мах бодын хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Полифенолууд нь P-selektin болон ICAM1 зэрэг холбоосын молекулуудын илэрлийг дарангуйлдаг бөгөөд тэдгээр нь үрэвслийн голомтруу PMN нэвчихээс сэргийлдэг байна.
Полифенолууд нь Простагландин E2 (PGE2) -ийн үүсэлтийг дарангуйлж буйлны үрэвсэл, тулгуур эдийн үрэвслийн явцыг удаашруулдаг. PGE2 нь үрэвсэлийн процессын нэг чухал бүтээгдэхүүн бөгөөд бие мах бодийн үрэвслүүд, шүдний холбоос эдийн үрэвсэл , буйлны холбоос эдийн үрэвсэлд оролцдог байна.