Хотын дарга БЗД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарантрейд” компанийн эзэмшилд олон жил байсан, орон сууцны байрны тоглоомын талбай, орчны газар болох 9076 м.кв газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах захирамж гаргасан байна.
Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.
“Наран трейд” компани БЗД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг бөгөөд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна.
Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчилжээ.
Нийслэлийн удирдлагын зүгээс цаашид нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлж, мод, бут, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай олноор байгуулах бодлого баримтална ажиллаж байгаа аж.