Авлигатай Тэмцэх Газарт өнөөдөр “Зам дагасан авлига” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийг Авлигын эсрэг хуулийн хүрээнд авто замын салбарт авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор зохион байгуулсан юм.
Энэ үеэр улсын хэмжээнд
2018 онд 33,
2019 онд 53,
2020 онд 56,
2021 онд 40,
2022 онд 102 авто замын төсөл, арга хэмжээг зураг төсөлгүй гүйцэтгэсэн хэмээн АТГ-аас мэдээлэв.
Үүнээс шалтгаалж авто замын чанар, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байна хэмээн танилцуулсан юм.
Энэ тухай АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, комиссар Б.Тэрбиш хэлэхдээ “Уг нь бусад улс оронд эхлээд зураг төслийн боловсруулалтын ажил бэлэн болсны дараа төсөв батлагдаж, тендерийн сонгон шалгаруулалт нь явагддаг. Гэвч манай улсад ихэвчлэн авто замын төсөв батлах болон тендерийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь эхэлж явагдаж байна.
Өөрөөр хэлбэл, замын зураг төсөл бэлэн болоогүй байхад төсвийг нь баталж, тендерийн сонгон шалгаруулалт хийгддэг. Сонгон шалгаруулалт ихэнхдээ түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийгддэг тул бид үүнийг зураггүй хийгдсэн замууд гэж авч үзэж байгаа” хэмээн тайлбарлав.
Мөн тэрбээр “Зарим тохиолдолд сонгон шалгарсан гүйцэтгэгч компани ажил эхлэхдээ зураг төслийг давхар боловсруулаад явдаг. Түүнчлэн нийслэлийн зарим хороолол дунд хийгдэж байгаа замууд зураг төсөлгүй байдаг” гэдгийг онцлоод манай улсад зам, барилгын гүйцэтгэх ажил яагаад олон улсын жишгээр бус, хөндлөнгөөс хяналт тавих боломж нь алдагдсан байдалтай явагдаж байгаа тухай албаныханд асуулт тавьсан юм.
“Улсын төсөвт зураг төсөлгүй зам, барилгын ажил суусан байдаг нь үнэн”
Дээрх асуултад ЗТХЯ-ны төлөөлөл “Улсын төсөвт зураг төсөлгүй зам, барилгын ажил суусан байдаг нь үнэн. Үүнд Тендерийн тухай хуулийн дагуу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг сонгоод цааш үргэлжлүүлдэг. Гэхдээ ЗТХЯ-наас сонгон шалгаруулсан замууд дээр миний мэдэхээр зураг, төсөлгүй ажил хийгдээгүй.
Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлууд нэлээд байдаг нь тухайн гүйцэтгэгч байгууллага нь зураг төсөл гаргагч компанитай түншлэлээр хамтран оролцоод эхлээд зургаа хийгээд батлуулсны дараа барилгын ажил хийгддэг.
Мөн бодит байдал дээр зураг төсөл, барилгын ажил зэрэгцээд явах тохиолдол гардаг. Учир нь замын барилгын ажлын хугацаа маш богино буюу зөвхөн урин дулааны улиралд хийгддэг учраас зураг төслөө хүлээвэл амжихгүй тохиолдол байдаг” гэсэн хариултыг өгсөн юм.
Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын төлөөлөл “Улаанбаатар хотод 100 метр замын трасс гарахад ч хүндрэлтэй байдаг. Гэхдээ зураг төсөлгүй ажил хийгдэнэ гэж байхгүй. Бичиг цаасны хувьд давхцаж явж байгаа асуудал бий” гэдгийг хэлж байв.
Тухайн асуудлын тухайд, зураг төсөл нь гараагүй замын төсөв өртөг улсын төсөвт ямар хэлбэрээр сууж байгаа нь анхаарал татаж байгааг АТГ-ын төлөөлөл онцоллоо.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн компани зураг төслийг нь хийгээгүй байхад авто замын бодлого хариуцсан агентлаг, байгууллагууд нь яаж төсөв хөрөнгийг нь бодсон бэ гэдэг нь чухал. Төсөв өртгийг нь буруу бодсоноос үүдэн эргээд авто замын ажлын төсөвт өртөг дутах эсвэл илүү олгогдох асуудал үүснэ гэдгийг тэд хэлж байсан юм.
“10 километр хийгдэх замын ажил төсөв дээр 12-13 километр болох тохиолдол бий”
Энэ тухай ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Замын төсөв, магадлал, бодит гүйцэтгэл зэрэг зөрүүтэй асуудал олон байдаг. Тухайлбал, зураггүйгээр яаж мөнгө тавигдаж байгаа гэдэг дээр багцаалдаг тавиулдаг байх. 10 километр замын ажил төсөв дээр 12-13 километр болоод суучихсан байх эсвэл 10-аас бага болж суух тохиолдол ч бий.
ЗТХЯ-ны хувьд олон улсын болон улсын чанартай замыг л хариуцдаг. Харин бусад аймгаас орон нутгийг холбож байгаа болон Улаанбаатар хотын доторх замыг хуулиараа тухайн аймаг орон нутаг хариуцах ёстой. Манай яам зөвхөн өөрийн хариуцсан замыг яг зурагтай төсөлтэй нь албан ёсоор эхлүүлдэг.
Түүнээс гадна, зураг төсөлтэй замуудын зураг нь олон жилийн өмнө хийгдчихсэн учраас мөнгө нь хүрэхгүй болсон замын ажил орж ирж, асуудал үүсгэдэг. Түүнээс болоод ажил гацдаг. Үүнийг засах арга нь төсөв батлахдаа зураггүй замуудыг оруулахгүй байх, зурагтай байсан ч зураг нь шаардлага хангах уу гэдгийг анхаараад явбал дээрх асуудлууд засагдах боломжтой.
Үгүй бол нэгэнт хууль батлагдаад ороод ирэхээр түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалт руугаа ороод явна” гэсэн юм.