Гренланд үргэлж хүйтэн, цэвдэг, амьгүй туйлын цөл байгаагүй. Ойролцоогоор 2 сая жилийн өмнө одоогийн Дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнтэй ой мод бүхий экосистем энэ газарт зонхилж байжээ. Өнгөрсөн долоо хоногт Nature сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн өгүүлэл түүхэн бөгөөд “ер бусын” гэмээр нэгэн ололтыг онцолсон байна.
Эрдэмтэд Хойд Гренландын хөлдүү хөрсөн дундаас хоёр сая жилийн өмнөх ДНХ-г илрүүлжээ. Одоогоор илэрсэн хамгийн эртний ДНХ. Уг судалгааг ахлан явуулсан Кембриджийн эрдэмтдийн хэлж буйгаар “ДНХ бол маш амархан мууддаг бүтэцтэй. Гэхдээ хэрвээ тохирсон нөхцөлд хадгалагдаж чадвал хэний ч төсөөлж чадахааргүй өнгөрсөн цаг хугацаа руу бид аялж болно гэдгийг бид энэхүү судалгаагаар харууллаа. 2 сая жилийн өмнөх экосистемийг бид алган дээрээ дэлгэсэн мэт харж болохоор байна.” гэжээ.
Судлаачдын хувьд маш олон тоо, төрөл зүйлийн ургамал амьтдын ДНХ-г олсон тул бүхэл бүтэн экосистемийг судалж болохуйц өгөгдөл байна гэж үзээд буй аж. Тэр ч байтугай өмнө нь бүртгэгдээгүй цоо шинэ төрөл зүйл ч олноор олджээ.