2024 оны химийн салбарын Нобелийн шагналын эзэд пүрэв гарагт тодорлоо.
Alphabet компанийн хиймэл оюуны охин компани DeepMind Technologies-ийн Гүйцэтгэх захирал Демис Хассабис хиймэл оюун ашиглан уургийн бүтцийг урьдчилан тодорхойлох олон жилийн судалгааны төслөөрөө энэхүү нэр хүндтэй шагналыг салбарын хоёр том эрдэмтний хамт хүртэхээр болов.
Харин өмнөх өдөр нь Нобелийн физикийн шагналыг Google-ийн удирдах албан тушаалтан асан, хиймэл оюуны “загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон, физикч Жон Хопфильд нар хамт хүртсэн юм.
Өнөөгийн машин сургалтын хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн суурийг тавьж, хиймэл мэдрэлийн сүлжээг сургахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тэднийг тодорхойлжээ.
Шведийн Нобелийн сан хиймэл оюуны ахиц дэвшил, тэр дундаа шинжлэх ухааны гол асуудлуудын учгийг компьютер тооцооллын аргаар тайлж болох дэвшлийг зүй ёсоор үнэлэхийг эрмэлзэж байгаа нь эдгээр шагналуудаас харагдаж байна. Мөн энэ нь Google тэргүүтэй технологийн компаниуд, тэдгээрийн захирлуудын нэр хүндийг өсгөх маш том хүчин зүйл боллоо гэж Bloomberg-ийн нийтлэлч Парми Ольсон онцолжээ.