Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг квантын тооцооллын чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд болох Жон Кларк, Мишель Х.Деворет, Жон М.Мартинис нар хүртэхээр болжээ.
Нобелийн хорооноос “Өнөө цагт хэрэглэж буй дэвшилтэт технологиудаас квантын механикийг ашигладаггүй технологи гэж байхгүй. Гар утас, камер, шилэн кабель гээд бүгд үүнд тулгуурладаг” гэсэн байна.
Дээрх гурван эрдэмтэн нийт 11 сая швед кроныг хуваан хүртэх юм.
Эрдэмтдийн 1980-аад онд хийсэн цахилгаан хэлхээний туршилтуудыг томоохон хэмжээний нээлт хэмээн Нобелийн хороо үнэлжээ.
Тэдний амжилтыг “Цахилгаан хэлхээнд макроскоп түвшний квантын хонгил болон энергийн квантчлалыг нээсэн” гэж тодорхойлов.
Энэ нь анх маш нарийн, ойлгомжгүй мэт сонсогдож болох ч шинжлэх ухаанд үзүүлсэн нөлөө нь гүн гүнзгий бөгөөд урт хугацааны ач холбогдолтой байсан аж.
Бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх электрон төхөөрөмж энэ зарчимд тулгуурладаг бөгөөд уг нээлт нь өнөө үеийн маш хүчирхэг квант компьютер бүтээх үндэс болж байна.
Нобелийн шагнал хүртэх болсон мэдээг сонсоод Жон Кларк “Энэ бол квант компьютер хөгжихөд хүргэсэн зүйл. Олон хүн квантын тооцооллын чиглэлээр ажиллаж байна. Бидний нээлт үүний үндэс болсон гэж хэлж болно” гэжээ.
Тэрбээр мөн 40 жилийн өмнө хийсэн энэ ажил нь шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагнал хүртэхүйц зүйл гэж огт төсөөлөөгүйгээ онцолсон байна.
Квантын механик нь маш жижиг ертөнцөд оршдог, электрон зэрэг бичил бөөмс хэрхэн хөдөлж, харилцан үйлчилдэг болохыг судалдаг шинжлэх ухаан юм.
Эх сурвалж: ВВС