Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хувь хүний орлогын албан татварын шатлалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Хувь хүний орлогын албан татварын шатлалтай холбоотой буруу ойлголт олон нийтийн сүлжээнд өрнөөд байна. Татвар төлөх эрх нь үүссэн, татварын албанд бүртгэлтэй 2.1 сая иргэн бий. Тэдгээр иргэн цалин хөдөлмөрийн хөлсний орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад гэсэн зургаан төрлийн орлогоос татвар төлдөг. Эдгээрээс цалин хөлсний болон шууд бус орлого хоёр дээр шатлалын хувь хэмжээг нэмсэн. Улмаар сард олж байгаа цалингийн болон шууд бус орлого нь 10 сая төгрөгөөс өндөр байвал шатлалд хамаарна. Тэгэхээр цалин хөдөлмөрийн хөлс авдаг 817 мянган иргэний 99.9 хувь нь дээрх шатлалд хамаарахгүй гэсэн тоо, мэдээлэл гарсан байна. Худалдаа эрхлэгчид үйл ажиллагааны орлого олдог. Харин байр, сууц түрээслэгчид хөрөнгийн орлогод тооцно. Эдгээр орлогыг иргэд өөрсдөө тайлагнадаг. Тэгэхээр шатлалд хамаарахгүй. Харин цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс өндөр байвал өндөр байгаа мөнгөн дүнд 15 хувийн татвар ногдуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 11 сая төгрөгийн цалинтай хүн 1 сая төгрөгөөс 15 хувийн татвар төлнө. Харин 10 сая төгрөгөөс бага цалинтай бол өөрчлөлт орохгүй.
-Шатлалд хэчнээн иргэн хамрагдах вэ?
-Нийт 10-15 сая төгрөгийн цалинтай, 15 хувийн нэмэгдэлд орох 800 орчим иргэн бий. Тэдгээрээс 1.2 тэрбум төгрөгийн татвар авахаар байгаа. Харин 20 хувийн нэмэгдэл буюу сарын цалин нь 15 саяас дээш 561 иргэн бий. Тэдгээрээс 8.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна. Олон улсад орлогын татварууд шатлалтай байдаг. Манай улсын хувьд олон жил тогтмол 10 хувиар явж ирсэн.
-Их хэмжээний мөнгөн гүйлгээнээс татвар авна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ буруу ойлголт. Гүйлгээнээс татвар авдаг улс орон гэж байхгүй. Манай улсад ч ийм хууль байхгүй. Ташаа ойлголт, буруу мэдээлэл яваад байгаа юм. Бид удаа дараа тайлбар, мэдээлэл гаргаж байгаа ч олон нийтэд хүрэхгүй байна.
-Үл хөдлөх хөрөнгийн татварын талаар дэлгэрүүлэхгүй юу?
-2022 оноос үүнтэй холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн. Холбогдох дүрэм, журмыг нь баталж гаргасан. Гурваас дээш орон сууц эзэмшдэг 12973 иргэн, 498 ААН байгаа. Бид хууль хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө татвар төлөгчдөд мэдээлэл хүргүүлсэн. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхгүй бол аль нэг орон сууцаа өөр хүнд шилжүүлэх шаардлагатай. Мөн аль орон сууцандаа татвар төлөх саналаа өгөхийг сануулсан. Тиймээс үүндээ үндэслээд татвараа ногдуулна. Хувь хэмжээний тухайд, 0.6-1 хувийн хооронд тогтоодог. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь 100 сая төгрөгийн орон сууцнаас жилийн 1 сая төгрөгийн татвар төлнө гэсэн үг.
-Хамтран эзэмшигчийн тухайд хэрхэн татвараа төлөх вэ?
-Хамтран эзэмшигчийн тухайд, орон сууцандаа хувь эзэмшүүлээд, өөрсдөө татвараа төлүүлэх боломжтой.
-Энэ жилийн татвар бүрдүүлэлт ямар хувьтай байна?
-Энэ жил 6 их наяд төгрөгийн төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2.6 их наяд байгаа. Тиймээс 8.6 их наяд төгрөгийн төсвийн орлогыг төвлөрүүлэхээр 2022 онд ажилласан. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад орлогын төлөвлөгөө 100 хувь биелэхээр харагдаж байна. Сүүлийн саруудад орлого багагүй нэмэгдсэн. Үүнд нүүрсний борлуулалт нөлөөлсөн.