ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэж үзсэн баримтуудыг цуглуулсан иргэн өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт албан шаардлага хүргүүлж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Миний хувьд улс төрийн шинж чанартай зорилго агуулаагүй. Сүүлийн өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой мэдээллийн сайтуудад тавигдсан мэдээллүүдийг шүүж, шаардлагатай баримтуудыг цуглууллаа.
Нийт зургаан баримт бий. Тухайлбал, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ergelt.mn сайтад нийтлэгдсэн мэдээллийг та бүхэн харсан байх. Өөрөөр хэлбэл, Дорнод бүсийн эрчим хүчний станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургийн хамаарал бүхий н.Отгонбаатар гэж хүн байсан.
2018 оноос хойш гэхэд нийт 18 тендерийг өөрийн төрсөн дүү болон бусад хамаарал бүхий хүнээрээ дамжуулж авсан байна. Зээ дүүгийнх нь төрсөн дүүгийн нэр дээрх компани гэхэд 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, Эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд авсан байгаа юм.
2021-2022 оны хооронд нийтдээ найман тендерийг авсан гэх мэдээлэл цацагдаж байна. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлд багтаасан нь сүүлийн үед яригдаж буй нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэх мэт үндэслэлтэй албан шаардлагыг АТГ-т хүргүүлэхээр гадаа нь ирлээ.
Албан шаардлагаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хаяглан иргэн хүнийхээ хувьд улс төрийн зорилгогүйгээр хүргүүлж байна. Шаардлагын хариуг авсан тохиолдолд эргэн мэдэгдэнэ” хэмээв.
Тэрбээр мэдээллийн төгсгөлд Х.Болорчулуун нь өөрийн гурилын үйлдвэртэй. Сайдаар томилогдсоных нь дараа гурилын үнэ 50 хувь нэмэгдсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна гэдгийг нэмж хэлсэн юм.