Төрийн сангуудыг дагасан хулгай, луйвар гаарсан. Өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл, тусламжийг улстөрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийн хамаарлаараа авч “найрладаг” байсан нь илэрч, төрийн оролцоотой санд итгэх олон нийтийн үнэлэмж шалан дээр унасан.
Сүүлд, 2021 оны нэгдүгээр сард Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих болгон өөрчилсөн. Тэгвэл уг санг татан буулгаж, корпорац болгох төслийг Засгийн газраас УИХ-д оруулжээ.
УИХ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Уг хуульд өөрчлөлт оруулах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, оронд нь Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг.
Одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив 382 тэрбум төгрөг. Өр авлагын хэмжээ нь 200 тэрбум төгрөг давсан. Богино хугацааны зээл 138 тэрбум, арав гаруй жил чанаргүйдсэн зээл 18 тэрбум төгрөг давсан байгаа аж. Цаашид сан хэлбэрээр ашигтай ажиллах боломжгүй, түүнчлэн өр авлагын асуудлыг шийдэхийн тулд компанийн хэлбэрт шилжүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагч тайлбарлав.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Сан гэдэг өглөг, буяны газрыг татан буулгаж, аж ахуйн зориулалтаар нь ажлуулахын тулд корпорац байгуулж байна. Улс төрийн шийдвэрээр хөнгөлөлт чөлөөлтөлтийн арга хэмжээ их авснаас болж Хөдөө ах ахуйг дэмжих сангийн өр авлага нэмэгдсэн. Сан гэсэн нэрээр цаашид явах боломжгүй учраас корпорац хэлбэрт, аж ахуйн тооцоотой ажиллах боломжийг хангахын тулд өөрчилж байгаа. Эдийн засгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулснаар хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, ашигтай ажиллах, хөрөнгийн ашиглалт сайжрах, улсын төсөвт учирч буй өрийн дарамт буурах зэрэг үр дүн гарна хэмээн тооцсон” гэв.
Гэхдээ УИХ-ын гишүүд сан гэдэг үгийг корпорац болгон өөрчлөөд ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй, зарчмын хувьд томоохон өөрчлөлт гаргахгүй. Удирдлага, ТУЗ нь бүгд төрөөс томилогдож байхад юу ч өөрчлөгдөхгүй. Харин өнөөдрийг хүртэл тус сангаас зээл авсан компаниудыг нээлттэй ил тод болгон зарлаж цэвэрлэсний дараа компанийн хэлбэрт шилжих ёстой гэдэр байр суурийг хэлж байсан юм.
Одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сан найман чиглэлд 40 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг бол корпорац болсноор 16 чиглэлд илүү өргөтгөсөн байдлаар ажиллах юм байна. Төрөөс Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан олгодог урамшууллыг уг корпорац олгоно. Тус корпорацын төрийн мэдлийн эрхийг хэрэгжүүлэгч нь ХХАХҮЯ байна. Үйл ажиллагаа нь компанийн засаглал, дүрмийн дагуу явах бөгөөд ТУЗ-тай ажиллана. Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтаар томилно зэрэг зохицуулалттай байхаар тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй гишүүд 2023 оноос төрийн өмчит компани нэмж байгуулахгүй байх хууль санаачилж, намрын чуулганаар баталсан байдаг. Тэгвэл УИХ баталсан хуулийнхаа эсрэг үйлдэл хийж, Засгийн газраас оруулсан Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК байгуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж шийдвэрлэв.