Саяхан 17 настай монгол хүү АНУ-ын бүжгийн аварга болсон тухай сайхан мэдээ дуулдсан. Тэрбээр бүжгийн хамтрагч Мишель Клитс хэмээх нас чацуу орос охины хамт АНУ-д сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бүжиглэж, олон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцжээ. Таван жилийн өмнө АНУ-д очсон хүү өнөөдөр энэ том гүрний бүжгийн аварга болж, цаашид дэлхийн аварга болох зорилго тавин уйгагүй сургуулилж байгаа тухайгаа бидэнд дуулгасан. Тэрбээр энд сурсан мэдсэн бүх зүйлээ Монголын хүүхдийн ордонд хамт суралцаж байсан найз нартаа болоод бусад хүүхдүүдэд зааж сурган, хамтдаа Монголын бүжгийн спортыг хөгжүүлэх хүсэлтэй хэмээн бидэнд хуучилсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу юуны түрүүнд танд баяр хүргэе?
-Сайн байна уу, баярлалаа. Намайг Т.Бумчин гэдэг. Би одоо 18 настай. Би ахлах сургуулийн 12-р ангид суралцдаг.
-Саяхан түрүүлсэн тэмцээнийхээ талаар манай уншигчдад танилцуулаач /хэчнээн оролцогчид оролцдог гэх мэт/ хэдэн үе шаттай явагддаг тэмцээн бэ?
– Америкийн аваргад түрүүлсэн эхний хоёр хос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олж авдаг. Тэмцээнд нийт 30-80 хос оролцдог. Олон улсын тэмцээнд бол 100-350 хос оролцдог. Тиймээс өрсөлдөөн маш ширүүн байдаг.
-АНУ-д хэзээ очсон бэ, анх хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
– Би анх 2012 онд Америкт ирсэн. Одоо Сан-Франциско хотод амьдардаг. Намайг эмээ Оюун маань анх Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулж байлаа. Ингээд би хамгийн 9 наснаасаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Ч. Жаргалсайхан багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн. Анх монгол ардын бүжиг бүжиглэж эхэлсэн. Суралцаж байх хугацаандаа Монголын Хүүхдийн ордны алтан медаль авч байсан. Түүний дараагаар 12 настайгаасаа латин америк бүжгээр хичэллэж эхэлсэн.
Монгол Орос хүмүүсийн зан чанар их ойролцоо бидний гэр бүлийн хүмүүжил их төстэй болохоор ойлголцоход амар байдаг
-Бүжгийн хосоо танилцуулахгүй юу, хосоо яаж олсон бэ?
-Миний хамтрагчийг Michelle Klets /Маша/ гэдэг Орос охин байдаг. Бид хоёр жил гаруй цуг бүжиглэж байгаа. Бид нас чацуу болохоор бие биенээ маш сайн ойлгодог, хүндэлдэг, хайрладаг. Давтлага сургуулилтаа ч уйггүй маш сайн хийдэг. Гол холбоо нь Монгол Орос хүмүүсийн зан чанар их ойролцоо бидний гэр бүлийн хүмүүжил их төстэй болохоор ойлголцоход амар байдаг.
-Хоёр өөр улсын хүүхдүүд АНУ-д ирээд бүжгийн хос болоход хэцүү зүйл байв уу, хэл нэвтрэлцэхээс эхлээд.
– Энэ спорт урлаг бол их өртөг өндөртэй. Яагаад гэвэл нэг цагийн хичээл авахад дундаж Америк ажилтаны өдрийн цалинтай тэнцэх хэмжээний төлбөртэй байдаг. Тэгээд бас бид сар бүр тэмцээнд явна. Америкийн бусад хотууд болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог. Англи, Франц, Канад, Голландын хотууд гээд их явдаг. Тэр болгонд маань хоёр гэр бүлийнхэн хоорондоо ярьж хэн авч явахуу гэх мэт олон асуудлыг өөрсдийнхөө хэмжээнд сайн шийдэж өгдөг. Энэ бүхнийг хийж, ээж аавууд маань биднийг бүх бололцоогоороо дэмждэг учраас бид энэ амжилтад хүрсэн. Анх их хэцүү байсан. Англи хэл мэдэхгүй. Ээж маань цуг явж тайлбарлаж өгдөг байлаа. Би долоо хоногийн зургаан өдөр багш нараасаа шинэ хөдөлгөөн техник болон давтлага хийдэг. Манай студи гэрээс маань их зайтай байдаг. Тэр бүхэнд ээж, аав, эмээ маань авч явдаг байсан. Одооноос би машин барьдаг болоод өөрөө явж байгаа.
-Та хоёрыг их сайн хамтрагчид гэж дасгалжуулагч чинь ярьсан байна лээ. Хамтдаа гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Бид хамтдаа багагүй амжилт гаргасан. Миний хувьд Монголын Хүүхдийн ордны Алт, мөнгөн медальтай. 2015, 2016 Оны АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга – \”International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I-р байр, 19-ээс доош насны ангилалд I-р байр – \”Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I-р байр, 21-ээс доош насны ангилалд II-р байр – Англи улсад болсон \”Killick Royale Championship” 19-ээс доош насны ангилалд I-р байр – \”California Open Championship\” 19-ooс доош насны ангилалд I-р байр – \”Hollywood Dancesport Championships\” залуучуудын нээлттэй ангилалд тус бүр II-р байр – \”Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II-р байр – \”Emerald Ball Dance Championships\” 21-ээс доош насны ангилалд I-р байр – \”Vegas Open Dance Championships\” 21-ээс доош насны ангилалд I-р байр эзэлж байсан. Мөн \”City Lights Ball\” 19-ээс доош насны ангилалд I-р байр – \”Embassy Ball Championships\” 19-ээс доош насны ангилалд I-р байр – \”Royal Ball Championships\” 21-ээс доош насны ангилалд I-р байр – \”Paris World Championships\” 19-ээс доош насны ангилалд X-р байр – \”Holidy Dance Classic Championships” 19-ээс доош насны ангилалд II-р байрыг хамтрагчийнхаа хамт тус тус эзэлж байсан.