Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулна уу!
Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан Танд зөвлөж байна.
Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх эдэлнэ. Шөнийн тариф тооцох цаг 21:00 – 06:00.
• Халаагуурыг цахилгаан эрчим хүчний ачаалал багатай цагуудад буюу 21 – 06 цагийн хооронд хэрэглээрэй.
– Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Тиймээс автомат дахин дахин унах тохиолдолд мэргэжлийн байгууллагад даруй хандах
– Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
– Гар хийцийн халаагуур, бойлуураас татгалзах
– Цахилгаан тоноглол, хэрэгслээр хүүхэд тоглох, оролдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх
• Галын аюулаас урьдчилан сэргийлээрэй
– Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг шинэчлэх
– Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
– Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
• Эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалаарай
– Ачаалал даахгүй утас сонгохгүй байх (зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой бол тохиромжтой),
– Бүдүүн нарийн голчтой, хөнгөн цагаан, зэс утсыг хооронд нь холбож болохгүй
– Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
– Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй
– Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа залгах
• Гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална.
Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр болон 70047004 утсаар авах боломжтой.