Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гү гуравдугаар сард хийсэн Ерөнхий сайдын өндөр дээд айлчлал өндөр үр дүнтэй болсныг онцлоод БНСУ-ын Засгийн газраас улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ажлууд, тэр дундаа эдийн засгийн салбартай тогтвортой хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Мөн тэрбээр Монгол Улсын иргэдийн БНСУ-руу зорчих визний асуудлыг аль болох хүндрэл үүсгэхгүй байх, нааштайгаар шийдэх талаас нь анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлээд энэ салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж байгаа тухайгаа Шадар сайдад танилцууллаа.
Уулзалтаар хоёр тал эрүүл мэнд, онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Энэ сарын 15-наас хоёр улсын хоорондын нислэгийн тоо долоо хоногт 80 болон нэмэгдэж, ирэх зун БНСУ-аас Монгол Улсыг зорчих жуулчны тоо ойролцоогоор 200 орчим мянгад хүрэх албан бус тооцоо байна. Иймд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Ким Жун Гүд талархсанаа илэрхийлж, бүх салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.