\”Улсын их хурлын гишүүн С.Жавхланг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл та дэмжих үү дэмжиж байвал шэйрлээрэй\” гэх мэдээлэл сошиал ертөнцөд тархжээ.
Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Хэрэв энэ хууль батлагдвал эрх барьж байгаа буюу УИХ-д суудал авсан намуудаас нэр дэвшигчид өрсөлдөж, бусад нам эвсэлд хаалттай байгааг МАХН болон бие даагчид шүүмжилж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр \”Хоёр эрх баригч нам ялангуяа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хүч түрэн оролцох юм бол нийгэмд маш том хагаралдаан үүснэ. Үүнийг би төсөөлж байна. Харж байна. Манай сонгуулийн тогтолцоо сонгоё гэсэн зөв сэтгэлтэй хүмүүсийг нь шигшиж гаргах ирэх тогтолцоо байдаггүй. Эс хүссэн ч хүссэн ч энэ нөхрийг л сонго гэсэн тогтолцоо яваад байгаа учраас түмэн олон залхаж, бухимдаад байгаа юм. Энийг өөрчлөх талаар хөндвөл Үндсэн хуулийг хүртэл өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Намайг энэ асуудлыг хөндөхөөр Жавхлан нэр дэвших нь байна гэж хараад байх шиг. Гэхдээ яагаад бие даагчийн орон зайнаас хүн ямарваа нэгэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. Жавхлангийн байр суурь хасагдчихаар намайг сонгосон 70 мянган хүмүүс сонголтоо яаж хийх юм. Цаашлаад Монголын тал нутгаар намайг дэмжиж байсан олон хүмүүс байгаа ш дээ. Тэд нар сонгуульдаа яаж оролцох юм. Би \”Хамаг Монгол\”-ыг дуугаараа нэгтгэсэн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулын тухай хуулын эсрэг Хамаг Монголоороо тэмцэх болно\” гэжээ.
Eagle.mn