Маршалын гүүрний баруун талд түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг хөөж, улмаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа талаар нэгэн иргэнээс манай редакцад хандсан юм.
Зам дагуу байрлах түргэн хоолны цэг, ТҮЦ-үүдийн үйлчилгээний талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албаны дарга Э.Цогбадралаас тодрууллаа.
“Хоол зарна гэх нэрийдлээр нийтийн эзэмшлийн зогсоолыг хэдэн сараар ашигладаг асуудал бий”
Тэрбээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар энэхүү үйл ажиллагааг хориглосон байдаг. Мөн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт гэж бий.
Манай хамгаалалтын захиргаанаас эдгээр хоолны цэг, ТҮЦ-д өмнө нь мэдэгдэл, саналаа удаа дараа өгч байсан. Гэвч үйлчилгээ эрхэлж буй хүмүүс биелүүлээгүй.
Нийслэлийн бүс орчимд явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар зөвшөөрөл олгох асуудлыг Хотын захиргаанаас шийднэ. Харин тусгай хамгаалалттай газар дээр зөвшөөрөл өгөхгүй.
Жишээлбэл, машины зогсоол дээр зориулалтын дагуу автомашинуудыг байрлуулах ёстой. Гэтэл зогсоол дээр түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг зэрэг санал, гомдол ирсэн. Иймд Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Нийслэлийн тохижилт үйлчилгээний газруудтай хамтарч албадан нүүлгэх ажлыг зохион байгуулж байна.
Бусдын эрх ашиг нэг хүний эрх ашгаас үүдэн хохирч болохгүй. Нэг хүн хоол зарна гэх нэрийдлээр нийтийн эзэмшлийн зогсоолыг хэдэн сараар ашигладаг асуудал бий.
Ялангуяа, тусгай хамгаалалтын газарт тодорхой дэглэм, горимыг мөрдүүлж ажиллаж байгаа. Түүнээс биш Улаанбаатар хотын бусад дүүрэгт энэ төрлийн үйлчилгээг хориглоогүй, хүмүүсийг хөөхгүй” хэмээн хэллээ.
“Зам дагуу шорлог, боодог, хоол хүнс зардаг машинууд дүүрсэн талаар гомдол их ирдэг”
Үргэлжлүүлэн “Амралт, чөлөөт цагаараа Богдхан уул руу гарах үед зогсоол олдохоо больдог. Зам дагуу шорлог, боодог, хоол хүнс зардаг машинууд дүүрсэн. Ингэж зөвшөөрөлгүй буучхаад тухайн газартаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй талаар иргэдээс гомдол, санал хэлж байгаа. Тиймээс ч зөрчлийг арилгах зорилгоор бусад дүүрэгтэй хамтран ажиллаж байна.
Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг дүүрэг, цагдаатай хамтран албадан нүүлгэж байгаа” гэлээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа
-
Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх,
-
Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх,
-
Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн дөрөвт зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх,
-
Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх,
-
Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн долоод зааснаас өөр барилга байгууламж барих,
-
Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах,
-
Тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах,
-
Аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх,
-
Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх,
-
Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах,
-
Хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.