Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны зургаадугаар сарын 20-ны хуралдаанаар боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй байна.
Уг асуудлын хүрээнд Боловсрол шинжлэх ухаан (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Англи хэл бол Монгол Улсын гадаад үндсэн хэл байна. Үүнээсээ нэг алхам ч ухарч болохгүй.
Өнгөрсөн хугацаанд засгийн газар солигдож, боловсролын сайдаар ирсэн бүхэн хөтөлбөрийн шинэчлэл зарладаг нь алдаа байсан.
Өнөөдөр бидний баталж, эцсийн хэлэлцүүлэг хийж байгаа энэ хууль бол цаашдаа нэг боловсролын хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихэд хамгийн багадаа 10-12 жилийн циклтэй байдаг баталгааг хийж өгч байгаа юм.
Аль хичээлийг хэдэн цагаар, хэддүгээр ангиас заах вэ гэдэг нь цэвэр сургалтын хөтөлбөрийн асуудал. Тиймээс шинэ хуулийн дагуу хийж байгаа хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хамгийн гол гадаад хэл бол англи хэл байна” гэв.
Дээрх явдал нь маш том дэвшил гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолж байв.
Үргэлжлүүлэн тэрбээр хот, хөдөө, төр, хувийн сургуулиудын ялгааг арилгах талаар “Англи хэл зааж байгаа багш нарын ур чадвар, арга зүй, шинэ технологийн асуудлыг өөрчилж, шинэчлэхгүйгээр хот, хөдөө, төр, хувийн сургуулийн ялгааг арилгана гэж байхгүй.
Хот, хөдөө, төр хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь хэл нь дээр л гарч байна. Хаана сурч, амьдарч байгаагаас үл шалтгаалж хүүхэд бүрд энэ боломжийг олгох ёстой. Тэр тусмаа аль болох эрт наснаас нь. Энэ бодлогоосоо монгол улсын засгийн газар нэг ч алхам ухраагүй.
Цаашдаа англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заана гэдэг дээр хүн болгон ойлголттой байгаа. Түүнээс хуулийн нэр томьёог засах, нэг заалтыг нөгөө заалтаар нь солихоос болж хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг хариуцлагагүй үг, үйлдэл хийж болохгүй” хэмээв.
Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар, Н.Учрал, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нарын есөн гишүүн дэмжээгүй бол П.Анужин, Г.Дамдинням, Ч.Ундрам нар дэмжжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал нь боловсрол салбар дахь үйл ажиллагаанаас орлого олдог учир УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т заасны дагуу энэ тухайгаа хуралдаан даргалагчид мэдэгдэж, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэхэд санал хураалтад оролцохгүй байх хуулийн үүрэгтэй юм.