УИХ дахь МАН-ын бүлгийн /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо. Хуулийн хуулийг 2023 оны хаврын чуулганы хугацаанд батлах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.
П.Анужин: Хуулийн төсөлд биечлэн уулзалт, цахим хаягаар нийт 30 гаруй мянган иргэнээс санал авсан
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүний дараа ажлын хэсэг байгуулж улс орон даяар хуулийн төслөө танилцуулж, төлөөллийн байгууллага болох ҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, залуучуудын байгууллагууд, сайн дурын даатгал төлөгч, хамрагчид зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг хамарсан уулзалтуудыг хийсэн. Нийт 21 аймгаас 11-т нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг авсан. Цахим хаягаар дамжуулж нийт 30 гаруй мянган иргэдээс санал авч, багцалж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, ажлын хэсэг дээрээ нэгтгэн ажиллаж байна.
Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан 7 жилийг 5 жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна. Мөн иргэдийн дунд дараалсан 7 жилийг 5 жил болгохоор зөрүүг хэрхэн арилгах, хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт ирж байна. Бид зөрүүг арилгаж, шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан.
Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тус сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдсэн гэдэг статистик байна. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Иймд хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ нь нэг талдаа Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа олон малчдыг дэмжих, ирээдүйн баталгааг хангах чухал суурь заалтыг тусгасан” гэв.