ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаагаас өнөөдөр, маргааш алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.
Энэ жилийн УАШТ-д олон сонирхолтой тоглолтууд гарсан. Тэр дундаа \”Рио 2016\” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, \”Рио 2016\” наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-д өрсөлдөж, учраа бүрээ ялсаар аваргын төлөө тулалдахаар шалгараад байна. Энэ жинд хүрэл медалийг О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн нар хүртсэн.
Мөн эрэгтэйчүүдийн 49 кг-ын алтан медалийн төлөө ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах нар тулалдана.