Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй орсон аадар борооны улмаас Өмнөд Солонгос улсад үерийн гамшиг нүүрлээд байна.
Одоогоор 22 хүн амиа алдсан нь тогтоогдсон бөгөөд 14 хүн сураггүй болжээ.
Хамгийн их хохиролтой бүс нутаг нь уулсын дунд оршдог Умард Гёнсан муж болоод байна.
Сүүлийн байдлаар Умард Чунчон мужийн Чонжү хотын газар доорх хонгилд 19 хүн автомашинтайгаа живснийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Үерийн ус маш хурдтай хонгилыг дүүргэсэн тул тэнд байсан хүмүүс гарч амжилгүй түгжигджээ.
Умард Чунчон мужийн Госан усан сангийн далан сэтэрснээс Бямба гарагийн өглөө 6,400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Баасан гарагийн орой тус мужид хөрсний гулгалтын улмаас галт тэрэг замаасаа гарсан тул Өмнөд Солонгосын үндэсний төмөр замын оператор Korail компани галт тэрэгний ихэнх хөдөлгөөнийг зогсоожээ.
Солонгосын цаг уурын хүрээлэн аадар бороо ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэг, Хятад, Япон зэрэг Азийн орнуудад үерийн гамшиг нүүрлээд байгаа юм.
Хэт халалтын үр дүнд агаар мандал дахь чийг нэмэгдсэн нь их устай ширүүн бороо орох шалтгаан болж байгааг судлаачид тайлбарлаж байна.