УИХ-ын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн Шувуу ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд Монгол Улсад авчирч, түүнд холбогдох хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Прокуророос түүнийг Монголд авчирсан цагаас цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, цагдан хоригдож байсан билээ. Тэгвэл түүнийг Үндэсний их баяр наамдын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтээр суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн байна.
Уг нь долдугаар сарын 4-нд яллагдагч Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
Харин өмгөөлөгч нь дахин хүсэлт гаргаж, шүүх мөрдөн байцаалтын шатанд саад учруулах үндэслэлгүй гэж үзээд Т.Бадамжунайг суллах шийдвэр гаргасан гэж тайлбарлалаа.
Сануулахад, Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.