Ардчилсан Нам(АН)-ын зүгээс гамшгийн үед бэлэн байдлаа хангаж ажиллаагүй Хотын дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн Д.Энхтуяа хэлэхдээ “2013 онд 358 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Улаанбаатар хот 2023 онд нэг их наяд 700 тэрбум төгрөгөөр төсвөө баталсан. Хэд дахин нэмэгдсэнийг харьцуулж хараарай.
Нийслэлийн төсвийн орлогыг 2013 онд 22 төрлийн төрлийн татвар бүрдүүлдэг байсан бол 2023 онд 24 болж нэмэгдсэн. Үүний 70 хувийг ХХОАТ-аас бүрдүүлж байна.
Тэгвэл 2013 оны төсвийн багахан хэсгээр нийслэлийн хэмжээнд 75.5 километр замыг барьж, 2015 онд 29 километр үерийн даланг шинээр барьж, 5.5 километр даланг сэргээн засварласан.
Өөрөөр хэлбэл иргэдэд ирж байгаа татварын дарамт нэмэгдсэн ч Улаанбаатарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт ямар байгааг хүн болгон мэдэж буй” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч том эрх мэдэлтэй болсон. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа хангалттай хийж чадахгүй байна гэж иргэдийн 70 хувь нь дүгнэсэн судалгаа гарсан байгаа” гэдгийг нэмж хэлэв.
Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх “Бусад улс орны нийслэл өдрөөс өдөрт мандаж байхад манай хот өдөр ирэх тусам балран доройтож байна. Иргэд өвөл утаагаар амьсгалж, зун нь үерт өртөж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, замын түгжрэл зэргээс болж үнэхээр бухимддаг.
Манай хотын дарга 2020 онд “Намайг зургаан сарын хугацаанд тавиад өгчих” гэж хэлээд гарч ирсэн. Гэтэл түүнээс хойш зөндөө хугацаа өнгөрлөө” гэв.
Харин НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Нийслэлийн иргэд дунд судалгаа явуулахад 76 хувь нь өнөөдрийн хотын даргыг солимоор байна гэж хариулсан. Тэдний зүгээс бид өөрсдөө яагаад хотын даргаа сонгож болохгүй байна вэ гэдэг асуудлыг хөндсөн.
НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд хотын даргаа сонгодог. Гэтэл тэдний 76 хувь нь МАН-ынх бөгөөд хотын даргаа цээжээрээ хамгаалдаг” гэсэн мэдээллийг өглөө.