АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Цагаан ордон ардчилал, хүний эрхийг хамгаалах, олон улсын дэг журамд заналхийлж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Монгол Улс болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудтай харилцаагаа тууштай бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрээр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, аюулгүй, харилцан уялдаатай байдлаар хөгжүүлэх нь АНУ-ын амин чухал эрх ашиг болохыг илэрхийлжээ.
Монгол Улс Боловсролын ерөнхий хуульдаа ЕБС-ийн үндсэн гадаад хэлийг англи хэл байх заалт оруулсны дараа Ерөнхий сайд Вашингтонд айлчилж байна.
Газар зүйн хувьд хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй манай улс тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд өнгөрсөн 30 жилийн турш гуравдагч хөршийн гадаад болдогыг хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг бүс нутгийн тэргүүлэх эдийн засаг бүхий орнуудтай Стратегийн түншлэл тогтоосон байдаг. Гэвч Монгол Улс эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хараат байдал хэвээр байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдал, иргэний агаарын тээврийн компаниудын зохицуулалтыг хийх тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Монгол Улс болон АНУ-ын хооронд 2023 оны нэгдүгээр сард агаарын тээврийн хэлэлцээ байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Айлчлалаар “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталснаар Монгол Улс болон АНУ-ын хооронд шууд нислэг хийх эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн ингэснээр манай улсын хувьд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Хойд Америкаас агаарын тээврээр шууд карго ачаа тээвэрлэх боломж нээгдэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сард цэвэр эрчим хүчний шилжилт хийх, цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийн салбар, сансрын технологи, цэргийн технологийн хөгжилд шаардлагатай буюу дэлхийн тэргүүлэгч их гүрэн гэх статусаа хадгалж, БНХАУ-тай хийж буй өрсөлдөөнд ялахад чухал ач холбогдолтой стратегийн түүхий эд, критикал минериалуудын жагсаалтыг шинэчилсэн. Тэгвэл Монгол Улс цэвэр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины үйлдвэрлэл, сансар судлалын салбарт хамгийн их дутагдаж байгаа зэс, газрын ховор элемент, ураны асар их нөөцтэй гэдэг утгаараа АНУ-д стратегийн түүхий эд нийлүүлэх боломжтой. Хамгийн гол нь, Монгол Улс түүхий эдийн нөөцөөрөө технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалт, үйлдвэрүүдийг татах боломж асар их бий.
Тухайлбал, “Tesla” компани 2019 онд хямд ажиллах хүч бус дэлхийн газрын ховор элемент үйлдвэрлэлийн гуравны нэг, зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадал буюу түүхий эдийн нийлүүлэлтээс шалтгаалан БНХАУ-ын Шанхай хотод хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан автомашины үйлдвэрээ байгуулсан. Улмаар 2021 оноос өргөтгөл хийж, жилд 450 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болгон өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Tesla” болон сансрын хиймэл дагуулын салбарт тэргүүлэгч “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Масктай хамтран төсөл хэрэгжүүлэх асуудлууд бодитоор яригдах болсон. Тиймээс энэ удаагийн айлчлалаар АНУ-ын хувийн хэвшилтэй бий болгосон харилцаанд Цагаан ордныг татан оролцуулах, сансар судлал, технологийн салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах ажын эхлэл тавигдах хүлээлттэй байна. Энэ бүхний түүчээ болж технологийн салбарын аварга загас болох “Alphabet Inc.” буюу “Google” компанитай хамтран ажиллах чухал гэрээнд гарын үсэг зурах аж.