Баянзүрх дүүрэгт болсон үерийн гамшгийн улмаас 47 айл гэр оронгүй болж, 360 айлд зайлшгүй тусламж хэрэгтэй болжээ.
Үүнээс 20 айлд Нийслэлийн онцгой комиссоос гэр олгох аж. Энэхүү хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэнэ. Үлдсэн 27 айлд дүүргийн нөөц, олон улсын байгууллага, иргэд сайн дурынхны тусламжаар гэр олгоно. Баянзүрх дүүргийн Тамгын газрын хандивын дансанд одоогийн байдлаар 28.7 сая төгрөг цугларсан байна гэж БЗД-ийн Тамгын газраас мэдээлэв.
Мөн Баянзүрх дүүргийн онцгой комиссын хуралдаанаас үерт өртсөн 360 айлд тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүэх шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэснээр албажина. Баянзүрх дүүргийн ИТХ энэ сарын сүүлээр хуралдах товтой байгаа юм.
Энэ талаар Баянзүрх дүүргийн онцгой комиссоос “Нэг айлд 5 орчим сая төгрөг өгнө гэхээр нийтдээ Тусламж нь нийтдээ 1.6 тэрбум төгрөг болж байгаа. Иргэдийн амьдарч буй гэр, байшин бол хүний анхдагч хэрэгцээ. Бид үерийн улмаас сүйдсэн замыг янзалж, айлын хашаан дахь лаг шаврыг цэвэрлэж, тог цахилгаанд холбосон ч анхны амьдарч байсан хэмжээнд нь хүрэхгүй байгаа юм. Байшин гэхэд гаднаас нь харахад бүрэн юм шиг мөртлөө дотроо хана нь нурсан, хөгц идэж, үмхий үнэртсэн нөхцөл байдалтай байна. Иймээс бид тодорхой хэмжээнд дэмжье гэх санал гаргасан. Үүнийг хавтгайруулахгүй. Зах зээлийн ханшаар монгол гэр 5 орчим сая төгрөг. Тиймээс гэр авч чадаагүй айлуудад буюу байшин болон бусад байдлаар хохирсон иргэдэд энэхүү тусламжийг өгөх юм” гэлээ.