Лох Несс нуурын мангасыг хайх сүүлийн 50 жилд болоогүй томоохон эрлийн ажиллагаа өчигдөр буюу Бямба гарагт Шотландын өндөрлөгт эхэлжээ.
Нисгэгчгүй онгоц, дулааны сканнер, инфра улаан туяаны камертай завь, усан дотор чимээ чагнагч зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр зэвсэглэсэн судлаачид уг нуурт амьдардаг гэх аварга биет амьтныг илрүүлэхээр ийнхүү хөдөлсөн байна.
“Тайлбарлахад хэцүү байгалийн бүх төрлийн үзэгдлийг бүртгэж, судалж, дүгнэх нь бидний гол зорилго байсаар ирсэн юм” гэж “Loch Ness Exploration” ажиллагааг зохион байгуулагчдын нэг Алан Маккенна ярьжээ.
36 км урт үргэлжилдэг, 240 метр гүн цэнгэг уст Лох Несс нуур нь эзлэхүүний хэмжээгээр Их Британийн хамгийн том нуур юм.
Уг нуурт үл мэдэгдэх аварга биет амьтан байдаг гэсэн домог яриа бүр эрт цагаас эхлэлтэй. Нуурын орчмын хад чулуунд янз бүрийн амьтны дүрсийг сийлсэн байдаг.
Хамгийн эртний баримтыг нийтийн тооллын 565 онд Ирландын санваартан Гэгээн Колумбагийн намтарт бичсэн байдаг юм.
Нуурт сэлж байсан хүн рүү мангас довтлоход Колумба ламын удирдсан хүмүүс уг амьтныг айлган ухрааж байсан гэдэг.
Саяхны баримтаас дурдвал 1933 оны тавдугаар сард нуурын эргийн шинэ замаар автомашинтай зорчиж байсан хос аварга том амьтны барааг харсан тухай мэдээ Инвернесс Курьер сонинд нийтлэгдэж байжээ.
1934 онд Английн эмч Роберт Уилсон уг аварга амьтны толгой, хүзүү нуурын уснаас цухуйж буйг харуулсан бүдэг гэрэл зургийг буулгасан байдаг.
Нуурын мангасыг харсан тухай нийтдээ 1,100 гаруй баримт орон нутгийн архивт бүртгэгдсэн байна.
Лох Несс нуурын мангастай холбоотой домог яриа жил бүр Шотландын засгийн газарт аялал жуулчлалын их хэмжээний орлого оруулдаг.
Хамгийн сүүлд 1972 онд Loch Ness Investigation Bureau томоохон эрлийн ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй юм.
2018 онд хэсэг судлаачид Лох Несс нуураас ДНХ-ийн шинжилгээ авч, усанд нь амьдардаг бүх амьтны төрөл зүйлийг тодорхойлсон байдаг.
Ингэхэд ямар нэг үл мэдэгдэх аварга амьтан байгаа шинж илрээгүй, харин нэлээд хэдэн төрлийн могой загас байдаг нь батлагдаж байжээ.
Эх сурвалж: AFP