БОАЖЯ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр усны хамгааллатын бүсийн асуудлыг онцолж мэдээлэл өглөө.
Усны газрын дарга З.Батбаяр “Сэлбэ голыг сүвлэх байдлаар бохирын шугам татах үйл ажиллагаа явагдаж байна. Сэлбэ гол дээр 16 газар голыг сүвлэж, шугам татжээ. Улаанбаатарын төрийн байгууллагууд зөвшөөрөл өгсөн асуудал бий. Зөвшөөрөл өгөхдөө голын хамгаалалтын бүс чухал гэдгийг анзаарахгүй байдал ажиглагдаж байна.
Сэлбэ голын усны чанарыг хүрээлэн буй орчны усны стандартын дагуу гаргадаг. Гэтэл лабораторийн дүгнэлтээр хүрээлэн буй орчны усны стандарт, хаягдал усны стандартыг ч зөрчсөн. Сэлбэ голын бохирдол хаягдал усны стандартаас 10 дахин их бохирдолтой байна.
Гол бохирдоод эхэлбэл хөрс, агаар болон байгаль орчны бусад бохирдол үүснэ.
Усны бохирдлыг арилгах үндсэн арга нь хамгаалалтын бүс. Усны хамгаалалтын бүсийг тогтоох, усны хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх нь дүүргийн болон Хотын дарга болон НИТХ-ын хийх ажил. Энэ ажлыг хийхгүй байгаа бол Усны тухай хуулиар эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох үндэслэл үүснэ гэсэн байр суурьтай байна.
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын хөрсний усыг шавхан зайлуулж/ус шүүрүүлж/ байгаа.
Яг одоогийн байдлаар долоон газарт ус шүүрүүлж байгаа компаниудын дүгнэлт гарсан. Одоо барилга барьж байгаа гурван компанийн ус шүүрүүлж байгаа үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ажиллагаа явагдаж байна.
Дээрх долоон газрын дүгнэлтийг аваад үзэхэд зөвхөн барилгын шүүрлийн ажлаар 2.4 сая шоо метр усыг зайлуулж байна.
Улаанбаатар хотод УСУГ-аас хоногт 150,000 шоо метр усыг нийлүүлдэг. Гэтэл 2.4 сая шоо метр ус нь нийслэлийнхний 8-9 хоногийн хэрэгцээний усыг гол руу болон бохир усны шугам руу хаяж байна. Үнэт усаа хаяж байна.
Барилгын шүүрлийн усанд төлбөр тавиад байгаа үндсэн шалтгаан нь уг усыг машин угаалгын газар, өлөн боловсруулах болон арьс ширний үйлдвэр, зочид буудлуудад дахин ашиглах боломжийг бий болгохын тулд явуулж буй үйл ажиллагаа юм” хэмээн тайлбарлалаа.
Зөвхөн долоон газраас хоногт хаяж байгаа ус нь Улаанбаатарын найм хоногийн хэрэглээний ус байна гэхээр одоо баригдаж байгаа 50, 60 барилгаас хэд гарах вэ гэдэг тооцоолол гарна.
Монгол Улсын нэг литр усыг ч хайрлаж, нөөцийг тогтоохоор ажиллаж байгаа учир иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хамтран ажиллахыг уриаллаа.