Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэнд эрс муудаж, ухаан алдсан тухай Оросын зарим Телеграм сувгууд мэдээлсэн юм.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба өчигдөр сэтгүүлчдэд тайлбар өгсөн байна.
“Түүний хувьд бүх зүйл сайн байгаа. Энэ бол ямар ч үндэслэлгүй ээлжит худал мэдээлэл” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэлжээ.
Дараа нь тэр Путинд орлон тоглогч байдаг эсэх талаар асуултад хариулахдаа инээж байсан юм.
“Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр атаархмаар тууштай хэлэлцдэг худал хуурмаг мэдээллийн ангилалд багтах нэг бүхэл бүтэн сэдэв юм. Үүнд инээд хүргэхээс өөр ямар ч утга учир байхгүй” гэж Песков асуултад хариулсан байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр 71 нас хүрсэн Путин олон нийтийн дунд “хүчирхэг эр хүн”-ий дүрийг удаан хугацааны турш төлөвшүүлсэн байдаг.
Тэрбээр өдөр тутмын хурал, уулзалт, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаагаар хүмүүст харагддаг ч тэдгээрийн ихэнх нь телевизээр дамжуулагддаг юм.
Путин өнгөрсөн долоо хоногт Хятад улсад айлчлаад буцах замдаа Оросын хоёр хотод саатаж байв.
2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр орлон тоглогчтой гэдэг яриаг няцаасан ч аюулгүй байдлын үүднээс нэг удаа орлон тоглогч ашиглах санал хүлээж авч байснаа нуугаагүй юм.
Эх сурвалж: Reuters