Газын зурваст явуулж буй “хүнлэг бус” дайны улмаас Израильд хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж буйг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр мэдэгджээ.
“Бидэнд Израильд айлчлах төлөвлөгөө байсан. Гэхдээ одоо цуцлахаас өөр аргагүй болж байна” гэж Эрдоган өчигдөр эрх баригч намын парламентын гишүүдтэй уулзах үеэрээ хэлсэн байна.
Хоёр улсын харилцааны түүх маш их ээдрээтэй байдаг.
Нэг үе бүс нутгийн холбоотнууд гэгдэж байсан хоёр улсын харилцаа 2010 онд Газын зурваст тусламжийн ачаа хүргэж явсан Туркийн тэнгисийн хөлөг онгоцыг Израилийн цэргүүд саатуулах үеэр 10 хүн алагдсаны дараа эрс муудаж байв.
2016 онд харилцаа дахин сэргэсэн ч 2018 онд Газын зурваст болсон палестинчуудын тайван жагсаалыг Израилийн тал хүчээр тараасны дараа дахин муудаж байлаа.
Хамас-Израилийн дайн эхлэхээс өмнө хоёр улсын харилцаа сайжрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн нь ийнхүү дахин саад бэрхшээлтэй тулгарч байна.
Өнгөрсөн сард Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Туркийн ерөнхийлөгч Эрдоган, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар уулзаж байлаа.
Тухайн үед хоёр удирдагч эрчим хүч, технологи, кибер аюулгүй байдлын зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцож байжээ.
Гэвч сүүлийн гурван долоо хоногийн турш Израилийн арми Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдөж, 6,500 гаруй палестин хүн амиа алдсан нь дахин зөрчил үүсгэж байна.
“Мэдээж бид сайн санаа өвөрлөж байсан. Гэтэл Нетаньяху энэ бүгдийг устгалаа. Хэрвээ тэр ингээгүй бол бидний харилцаа өөр байх байлаа. Харамсалтай нь одоо үргэлжлэх боломжгүй болж байна” гэж Эрдоган өчигдөр ярьжээ.
Туркийг хорь орчим жил удирдаж байгаа Эрдоган нь Палестины тусгаар тогтнолыг тууштай дэмжигч юм.
Өчигдөр хэлсэн үгэндээ тэр Хамас зэвсэгт байгууллагыг “газар нутаг, ард түмнээ хамгаалан тулалдаж буй чөлөөлөгчид” гэж магтсан байна.
Энэ долоо хоногийн Бямба гарагт Туркийн эрх баригч нам Истанбул хотод Палестиныг дэмжих жагсаал зохион байгуулах бөгөөд үүнд Эрдоган оролцох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera