Дэлхийн жорлонгийн өдрийг холбогдуулан “Монголын Жорлонгийн Ууган Холбоо” ТББ, Усны газартай хамтран мэдэгдэл хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч Д.Басандорж, Манай улсад зөвхөн нүхэн жорлонгоос гэхэд 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байна. Бид тогтвортой хөгжлийн зорилтдоо 2030 он гэхэд нэг ч нүхэн жорлонгүй болно гэсэн зорилт тавьсан.
Жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Бидний хувьд дэлхийн жорлонгийн холбоотой хамтраад монголын нөхцөлд нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн шийдэх асуудал дээр технологийн боломжит шийдлүүдийг олсон байгаа.
Тухайлбал, хуурай технологийн буюу ус арай бага хэрэглэдэг технологи байна. Өөрөөр хэлбэр биологийн аргаар ялгадсыг хий болгодог технологийг ашиглаад найман жил болж байна. Хөрсний бохирдлын 88 хувийг угаадас, муу усны нүх эзэлж байна. Зуслангийн бүсэд гэхэд 145 мянга орчим нүхэн жорлон байна. Эдгээрийг мод болгох боломжтой гэж харж байна.
Усны газрын дарга, доктор З.Батбаяр, Үерийн хамгийн том аюул нь үерийн дараа гарч ирдэг. Нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст нян бохироо тараадаг гэсэн тооцоолол бий. Шадивлангийн гүүрний доорх Сэлбэ голын орчмоос “e-coli” бодис буюу хүний ялгадаснаас илэрдэг гэдэсний савханцар илэрсэн.
Энэ бодис Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас мөн илэрсэн. Бид нойл орчихоод гараа угаадаг нь энэ нянг устгах зорилготой. Гэтэл ундны уснаас тус нян илэрч байгаа нь тухайн бүсэд худаг, ус хичнээн бохирдолтой байгааг харуулж байна.
Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байна. Энгийнээр тайлбарлавал худаг, жорлонгийн дайнд жорлон нь дийлээд, хохирлыг нь иргэд бид хүртээд байгаа юм гэв.