Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны нийслэлийн төсвийг НИТХ-д өргөн барьсан.
Нийслэлийн төсвийг энэ жилийнхээс 30 гаруй хувиар тэлж оруулж иржээ.
Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар ирэх оны хотын төсвийг хэлэлцэж эхэллээ. Харин НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид нийслэлийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн завсарлага авах санал гаргаж, хурал даргалагч хоёр цагийн завсарлага өглөө.
ХҮН намын төлөөлөгчид хотын татварыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн иргэдээс санал авч шийдвэрлэх, мөн Хотын дарга Х.Нямбаатар иргэдэд тайлбарлах ёстой гэсэн шаардлагыг тавьсан юм.
Нийслэл хотын татвар одоо 1 хувь байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёр дахин нэмж, 2 хувь болгохоор оруулж ирсэн байна.
Бүх төрлийн тамхи, бүх төрлийн согтууруулах ундааны бараанаас нийслэл хотын 1 хувийн татвар авдаг. Мөн баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, автомашини үйлчилгээ үзүүлэгч болон түүгээр үйлчлүүлэгч иргэдээс нийслэлийн хотын 1 хувийн татварыг авдаг билээ.
Тэгвэл хотын татварыг нэмэгдүүлэх өөрчлөлт НИТХ-аар батлагдвал 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёр хувийн татвар төлдөг болно.