Даваа гарагийн орой Хятадын баруун хойд бүсийн Ганьсү мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.
Энэ үеэр амиа алдсан хүний тоо 127 хүрч, бэртэж гэмтсэн хүний тоо 700 давсан байна.
2014 онд баруун өмнөд бүсийн Юннань мужид тохиосон 600 гаруй хүний аминд хүрсэн гамшгаас хойш Хятадад ийм их хохиролтой газар хөдлөлт болоогүй юм.
Аврах ажиллагаа цаг агаарын хүнд нөхцөлд үргэлжилж, хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Мягмар гарагт гамшгийн бүсэд агаарын температур Цельсийн -13 хэмд хүрч байжээ.
Хамгийн хүнд нэрвэгдсэн Ганьсү мужийн Жишишань хошуунд 5,000 гаруй байшин барилга гэмтсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдээлж байна.
Барилгуудын ихэнх нь газар хөдлөлтийн дараа үүссэн хөрсний нуралтын улмаас гэмтсэн гэнэ.
Газар хөдлөлтийн дараа тухайн нутагт 10 орчим удаагийн дараалсан чичиргээ бүртгэгдсэн байна.
Өчигдөр буюу Мягмар гарагт бас Ганьсү мужийн баруун хөрш Шинжаанд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ үеэр ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна.
Ганьсү муж нь Хятадын хамгийн алслагдсан, ядуу мужуудын нэг бөгөөд олон үндэстэн угсаатан оршин суудаг.
Газар хөдлөлтийн төв цэг бүртгэгдсэн Линьшя Хуй өөртөө засах дүүрэг нь исламын шашинт хуй угсаатны өлгий нутаг юм.
Хятад улсын нутаг дэвсгэрт Евразийн, Энэтхэгийн, Номхон далайн зэрэг дэлхийн хэд хэдэн тектоник хавтангуудын уулзвар оршдог тул газар хөдлөлтийн эрсдэл өндөр гэж үздэг.
2010 онд Ганьсү мужтай хил залгаа Чинхай мужийн Юшү хотод газар хөдлөхөд 2,700 орчим хүн амиа алдаж байжээ.
Хятадын орчин үеийн түүхэнд тохиосон хамгийн их хохиролтой газар хөдлөлт нь 87,000 хүний амь үрэгдсэн 2008 оны Сичуаний газар хөдлөлт юм.
Эх сурвалж: BBC