Шатахууны хомсдол үүссэн шалтгааны талаар АМГТГ-ын дарга Л.Баярмандал дараах мэдээллийг өглөө.
Бензин, шатахуун хангалттай орж ирж байгаа. Гэтэл иргэд шатахуун тасалдаж, үнэ нь өсөх вий гэдэг үүднээс дүүргэж авч байна.
Монгол Улсын нэг өдрийн
- бензиний хэрэглээ 2,000 тонн
- Дизелийн хувьд нэг өдрийн хэрэглээ 3,000 тонн байдаг.
Вагонууд, бөөний худалдааг харвал хангалттай хэмжээнд орж ирж байгаа. Иргэд сандрах асуудалгүй.
Хамгийн гол нь хүн болгон банкаа дүүргэж бензин авснаар хэрэглээ огцом өсөж байгааг АМГТГ-ын дарга Л.Баярмандал тайлбарлав.
Тэрбээр “Манай улс сард 110 мянган тонн дизель түлш хэрэглэдэг болсон байна. Энэ бол өнгөрсөн 2021-2022 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн дүн.
2022 оны турш Монгол Улс 1.7 сая тонн шатахуун түлшийг импортолж авсан. Гэтэл 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 2.2 сая тонн шатахуун түлш авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай хэрэглээ өсөж байна гэсэн үг.
Бензиний хувьд дунджаар 55 мянган тонныг хэрэглэж байгаа. Манай улсын нийт хэрэглээний 95 хувийг ОХУ дангаар нийлүүлдэг. ОХУ-аас нийлүүлдэг түлшний 70 хувийг Роснефть дангаар эзэлдэг.
Саяны уулзалтаар Роснефть компани 2024 оны эхний улиралд манайд сар тутам
- 70 мянган тонн дизель түлш
- 50 мянган тонн АИ92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Бусад хэрэглээг ОХУ-ын Газпром нефть, Росс Инвест зэрэг компанийн үйлдвэрээс авахаар ярилцаж тохирсон” хэмээв.
Мөн “Шатахууны хангамж доголдон оочер дараалал үүсгэж, олон нийтийг бухимдуулж, чирэгдэл учруулж байгаадаа хүлцэл өчье.
Бид Оросын талтай зөвхөн ирэх оны эхний улирлын нийлүүлэлтийг яриагүй. Энэ сарын баталгаажуулалт, ачилтыг хурдлуулах чиглэлээр ярилцсан.
Өнөөдрийн тоо баримтаар Монгол Улсын хэмжээнд Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх зам дээр нийт 254 түлш, шатахуунтай вагонууд явж байна.
Манай зохицуулагч байгууллагуудын зүгээс Улаанбаатар хотод үүссэн оочер дарааллуудыг шийдвэрлэх, аймаг сумдын өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор шатахуун түгээх станцад хүргэхээс бусад зорилгоор агуулахаас нь бөөнөөр ачих, Улаанбаатар хотоос гаргахыг түр хугацаанд хориглож, тодорхой хяналт тавьж, хэрэгжүүлж байна” гэв.