Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилснаар эх орноо
эдийн засгийн хүндрэлээс гаргах хандивын аян өрнөж байгаа. Үүнд иргэд дэмжиж
оролцож байгаа гэх мэдээлэл байна. Иргэд ч яах вэ. Төрдөө хандивлах илүү мөнгө байгаа
бол түүнийгээ өгч л байг. Гэтэл төр нь ямар нүүрээрээ \”гуйранчлаад” байна вэ. Дайны
дараах Солонгос улсын иргэд улсаа аврахын тулд ээмэг, бөгжөө бэлэглэж байсан
гэдэг. Үүнийг л дуурайх гээд байгаа бололтой юм шиг. Харин манайд төрийн буруу
бодлогоос үүдэлтэй эдийн засгийн асуудалд үүсчихээд байгаа. Үүнийг яг хямрал
гэж нэрлэхэд учир дутагдалтай. Зөв бодлого, зөв шийдвэр гаргахад, хямрал гэж
нэрлээд буй зүйлээс гарчих бүрэн боломжтой. Гэтэл төр нь өөрөө хандив гуйгаад данс
хүртэл нээчихлээ. Үүнийг юу гэж ойлгох вэ.
Тавхан хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат \” … \”нэр
хугарахаар яс хугар” гэдэг сургааль бий. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй.
Өнөөдөртөө бид иргэдээсээ хандив гуйхаар байдалд орчихоогүй байна. Авсан өр
зээлээ хугацаанд нь төлнө, эдийн засгийн асуудлаа ч давж чадна…” гээд их л
зоримог, хүчтэй улс төрч шиг мэдэгдэл хийгээд байсан санагдах юм.
Гэтэл өнөөх зоримог үгс нь хаашаа алга болоод иргэдээс
хандив цуглуулах данс нээгээд явж байгааг гайхах юм.
Ерөнхий сайдын мэдэгдлээр Засгийн газар авсан зээлээ
төлчих чадамжтай гэж ойлгосон. Тав хоногийн дотор л тэр чадамж алга болчихоогүй
бол шүү дээ. Хэн улс даа хэчнээн төгрөг тушааж, хандивлах нь түүний л эрхийн
асуудал. Харин Монголын төрд иргэдээсээ хандив авахгүйгээр асуудлаа шийдвэрлэж
чаддаг ухамсар ичих булчирхай байх л хэрэгтэй.
Үнэхээр хүнд хэцүү байгаа бол энэ том дарга нарынхаа
цалинг жирийн иргэдийнх шиг болгочих л доо. Ядаж ганц жил дарга сайд нар
маньтайгаа адил цалин авчихад тавьсан өрнийхөө талыг ч болов дарчих гээд байгаа
юм биш үү. Гадаад томилолтоо мөн л түр хугацаагаар зогсооё. Хамгийн залуу
гишүүн нь сонгогдоод зургаан сар ч болоогүй байж 48 улсаар аялчихсан тухайгаа
яриад л явж байсан. Ийм зүйлийг л түр хугацаагаар зогсоочихьё л доо. Тэгвэл өр
дардаггүй юм аа гэхэд хүүг нь төлчих боломжтой болчих юм биш үү.
\”Эдийн засгийн хямрал” гэж нэрлээд байгаа энэ зүйлээс
гарахад иргэдийн хандив бус төрийн сэтгэл л хэрэгтэй байна. Түшээдийг бүгдийг
нь 100 сая төгрөг хандивлаад өг гэж хэлээгүй. Цаг хугацаандаа ажлаа хийж, зөв бодлого
шийдэлд хүрч, илүү хангамжаа хасч, асуудлыг шийдвэрлэж болмоор л санагдаад байх
юм. Үүний дараа гишүүд нь цалингүй, амралтгүй, аялал зугаалгагүй, том машинууд
нь бензингүй, гар утас нь нэгжгүй, интернетээ төлөх төлбөргүй болоод эхэлбэл
ард түмнээсээ хандив тусламж гуйж болно шүү дээ. Тэр үед автобусны мөнгөө
өгчихөөд алхаад явсан ч яах вэ.
Юу ч хийж хэрэгжүүлээгүй. Хөлс урсгаагүй байж хандив
цуглуулах гээд байгааг ойлгохгүй байна. Иргэдээс ирсэн хандивыг цуглуулж
байгаад хэн нэг нь хоолонд орчих вий дээ гэсэн хардлага ч бас төрж байна. Энэ
хардлагыг би биш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн юм шүү. Тэрээр \”Ард иргэдийн хандивын
мөнгө хувь хүмүүсийн халаасанд орох вий гэж эмээж байна. Бид 20 тэрбум
ам.долларын өрөнд орсон, Гэхдээ үүнээс гарах
боломж байгаа шүү дээ. Ард түмнээс хандив цуглуулах хэмжээнд хүртлээ иргэдээ
туйлдуулсан гишүүдийн өмнөөс ичиж байна” хэмээн ярьсан
байдаг.
Нээрэн ичих л хэрэгтэй шүү дээ. Бид улсаа хөгжүүлнэ, сайн
сайхан ирээдүйг бий болгоно гэж амалж гарчихаад дараа нь чадахгүй юм байна аа
та нар хандив өг гэж хэлчихээд сууж байж болохгүй биз дээ. Ер нь чадахгүй бол
чаддагт нь суудлаа тавьж өг гэдэг үг ч байдаг шүү.
Амар
Үндэстэн агентлаг