Ирэх оны хавар болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Украины дайныг зогсоох зорилготой бие даан нэрээ дэвшүүлсэн Екатерина Дунцоваг өчигдөр тус улсын сонгуулийн төв хороо бүртгэхээс татгалзжээ.
Телевизийн сэтгүүлч асан Дунцоваг бичиг баримтаа өгснөөс хойш гурав хоногийн дараа сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар ийм шийдвэр гаргасан байна.
Нэр дэвшигчийн илгээсэн материалд “100 алдаа” илэрсэн тул буцааснаа сонгуулийн хороо тайлбарлажээ.
Екатерина Дунцова сонгуулийн төв хорооны шийдвэрийг дээд шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн байна.
“Та бол залуу эмэгтэй, бүх зүйл урд тань байна. Алдаа болгон амжилт болж хувирдаг. Аливаа туршлага үргэлж туршлага хэвээр байдаг” гэж ОХУ-ын сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова шийдвэрийг танилцуулах үеэрээ 40 настай Дунцовад хэлжээ.
2024 оны гуравдугаар сард болох сонгуульд ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ялах нь тодорхой байгаа. Сүүлийн 20 гаруй жил улс орноо удирдаж буй тэрбээр энэ сонгуульд ялбал дахин зургаан жил ажиллах юм.
Оросын сонгуулийн төв хороо сонгуульд нийт 29 хүн нэрээ дэвшүүлээд байгааг мэдээлсэн ч өчигдрийн хурлаараа 71 настай Путинийг зөвхөн бүртгэжээ.
Эх сурвалж: BBC