Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн. Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах ажлын явцын талаарх мэдээллийг тус хэлтсийн дарга Ш.Алтанчимэг танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 19 хорооны 19700 гаруй иргэн тэтгэвэр авдаг бөгөөд аяны хүрээнд нийт 8938 иргэний тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж, баталгаажуулалт хийсэн байна.
Мөн тэтгэврээ шалгуулах хүсэлтийг 51 иргэн гаргаж, 40 иргэнд хариуг өгч баталгаажуулалт хийсэн байна. Түүнчлэн есөн иргэнд хариу ирж авахыг мэдэгдэж, 200 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.