Чингис хаан Хойлог шувууг хөнөөж болохгүй хэмээн зарлиг буулгаж байжээ. Энэ нь Монголчууд эрт дээр үеэс хойлог шувууг ихэд хүндлэн, хайрлаж хамгаалж ирсний илрэл юм хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хойлог шувууны талаарх баримтууд,
- Хүссэн хүн бүхэнд үл үзэгдэх энэ жигүүртэн нь далайн түвшнээс дээш 2000-2500 метрийн өндөр ууланд амьдардаг.
- Хойлог шувуу нь нутаг сэлгэн нүүдэллэдэггүй, нэг газартаа насан туршдаа амьдардаг суурин шувуу юм.
- Уг шувуу нь нар мандах, шингэх үед олноор цуглаад “Адуу янцгаах”мэт дуугардаг. Энэ дуу чимээ нь ихэд өвөрмөц, содон сонсогддог.
- Хойлог нь нисэх үедээ газрын өөд явгалан гүйж, өндөрт хүрээд далавчаа хэд хүчтэй дэвж, эрчээ аваад дахиж дэвэлгүй халин нисэж нэг уулын оройгоос нөгөө уулын оройд хүрдэг.
- Их нуугдмал амьдралтай хойлог нь үдийн нар хөөрөх үед уулын ар цармаар сүрэглэн идээшдэг ба 1-2 нь харуулын үүрэг гүйцэтгэдэг. Тухайн харуул нь ангууч амьтдын бараа харагдмагц дуу авиагаараа бусдадаа дохио өгнө. Энэ үед сүргийн гишүүд уулын оргил өөд явгалан гүйх нь их сонирхолтой зан төрх юм.
- Хойлог нь янгир ямаатай хоршиж амьдрахын зэрэгцээ нэг нэгэндээ аюулын дохио дамжуулдаг. Тухайлбал: Янгир аюул осолтой тулгарсан үедээ хад тогшиж, часхийтэл турхирна, харин хойлог чангаар дуугарна. Ийнхүү тэд нэгнийхээ чимээг сонсоод аюулгүй газар луу зугтааж амиа хамгаалдаг байна.
- Хойлог шувууд нь 3 сарын сүүл, 4 сарын эхээр ороо нийлэгт орно. Энэ үед өвлийн сүрэг тарж, эр эм хойлог шувууд үржлийн хос үүсгэнэ. Ингээд хос хойлог шувууд уулын задгай энгэр, хад чулууны хоорондох нөмөр газарт үүрээ засдаг байна.
- Үржилд орсон эм хойлог 5 сарын сүүлээр өндөглөөд ойролцоогоор 28 хоногийн турш +42 хэмийн биеийн дулаанаар өндгөө бүлээцүүлэн бойжуулдаг.
- Хойлог шувуу нь уулын эко системд чухал нөлөөтэй. Тухайлбал: Иддэг өвс ургамлынхаа үрийг газарт тарааж цацдаг нь өвс ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, сангас нь байгальд маш сайн бордоо болдог байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба