УИХ-ын Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих \”Ростех” улсын корпорацийн \”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон \”Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг \”Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.
Тэрбээр, \”Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих \”Ростех” улсын корпорацийн \”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон \”Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг \”Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсэг байгуулсан бөгөөд ажпын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтан орж ажилласан аж.
Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзээд Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдсөн хэмээн үзсэн бөгөөд Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд \”Эрдэнэт” үйлдвэр болон \”Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд хууль бусаар халдаж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой гэж үзжээ.
Түүнчлэн \”Эрдэнэт үйлдвэр” ХХК, \”Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн \”Эрдэнэт үйлдвэр” ХХК, \”Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн юм.
Дараа нь \”\”Эрдэнэт үйлдвэр” ХХК, \”Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир тогтоолын төсөл батлагдлаа.
Үндэстэн агентлаг