Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож
газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга
хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов.
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ:
\”УИХ-ын дарга, эрхэм
гишүүд ээ,
Ард иргэд ээ,
Өнөөдөр
УИХ-ынхуралдаанд нэгэн чухал асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай гэж үзсэний
үндсэн дээр мэдээлэл хийж байна. Энэ бол газар хөдлөлттэй холбоотой, ялангуяа
манай улсын нийслэл Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар
байгаатай холбоотой мэдээлэл байгаа юм. Үүнийг хийж байгаа шалтгаан бий.
Сүүлийн үед нийслэл хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхжил маш их
идэвхжсэн. Газар хөдлөлтийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа тухай
судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтүүд гарч байна.
Газар хөдлөлттэй
холбоотой асуудлаар ҮАБЗ дээр анх 2010 онд авч ярьсан. Та бүхэн санаж байгаа
бол 2010 онд Гаити улсад 7 баллын газар хөдөлж, маш их гамшиг тохиосон байдаг.
Бусдыг хараад энэ чиглэлд Монгол Улс ямар байдалтай байна, юунд анхаарах
шаардлагатай байна вэ гэдэг асуудлаар анх сонсож ярилцсан юм. Анх сонсож
ярилцахад үнэхээр сэтгэл зовоосон нөхцөл байдал гарч ирж байсан. Түүнээс хойш
2010 оны төгсгөлөөр дахин ҮАБЗ дээр авч ярьсан байдаг.ҮАБЗ дээр 2014 онд дахиж
авч ярьсан. Үүнээс үндэслээд Засгийн газрын түвшинд, Монгол Улсын Засгийн
газрын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,
үүнд чиглэсэн бэлтгэл ажлуудыг авч хэрэглэхтэй холбогдсон байнгын зөвлөл
ажилладаг болсон. Мөн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд тодорхой арга
хэмжээнүүд авч явуулдаг.
УИХ-ын гишүүдэд
өнөөдөр мэдээлэл хийе гэсэн гол шалтгаан бол энэ асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд,
ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд яриад суух нь хангалттай биш байна. Улс
орны нийгэм, эдийн засаг, эрх зүйн бодлогын голыг тодорхойлдог УИХ-ын гишүүдэд
мэдээлэл хүргэе. Мөн үүгээр дамжуулж ард иргэддээ тодорхой хэмжээний мэдээлэл
хүргэе. Хэрэв энэ гамшиг тохиох юм бол хамгийн их хохирох хүмүүс бол ард иргэд,
та бүхний сонгогчид байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд сонгогчдынхоо аюулгүй
байдал, эрх ашигт онцгой анхаардаг гэж үзэж байна. Тиймээс өнөөдрийн хурлын ирц
сайн байна гэж хувьдаа итгэж байгаа гэдгийг эхэнд нь хэлье гэж бодож байна.
Нөгөө талаар зөвхөн
Улаанбаатар хотын тойргоос сонгогдсон гишүүдээс гадна УИХ-ын гишүүд бүгдээрээ
Улаанбаатарын оршин суугчид байдаг. Энэ утгаараа ч энэ асуудалд санаа зовж
байгаа болов уу гэсэн үндэслэл байгаа юм.
Өнөөдрийн ярих зүйлээ
би таван хэсэгт хуваасан.Товчхон
ярья.
Нэгдүгээрт, газар
хөдлөлтийн гамшигтай холбоотой хамгийн гол анхаарах зүйл нь мэдээлэл юм.Тэгэхээр энэ талаар мэдээлэлтэй байя. Байдал
яг ямар байгаа юм. Ямар нөхцөл байдал бий болсон юм. Үүн дээр зохих
байгууллагууд нь ямар ажил хийж байгаа юм. Ямар ажил хийх шаардлагатай байгаа
юм. Юу хийж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр энэ мэдээллийг авах хэрэгтэй.
Үүнийг мэдээлэх болсон шалтгаан нь та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ 2015
оны 10 дугаар сарын 3-нд, өнгөрсөн бямба гаригийн 15.30 цагт Улаанбаатарын
орчимд, нийслэлээс 20-иод км-т голомттой, 4,4 магнитудын газар хөдөлсөн.
Улаанбаатарын ойр орчимд,Улаанбаатарт байсан, ялангуяа байшинд байсан хүмүүст
бүгдэд нь мэдэгдсэн байх. Энэ талаар иргэд маш их санаа зовсон. Газар
хөдлөлт боллоо. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад ямар мэдээлэл ирж байна. Ямар
уялдаа холбоо байна гээд аваад үзэхэд үнэхээр энэ уялдаа холбоо санаа зовоох
хэмжээнд байгаа юм. Тэгээд Засгийн газар дээр, бас УИХ-ын даргатай энэ талаар
ярьсан. Ерөөсөө байгалиас, цаанаас нь дохио өгч байна. Энэ дохио өгч байгааг
хүмүүс анхаарч байгаа энэ үед энэ асуудлыг ярьж, нийтээрээ нэг мэдээлэлтэй болъё.
Мэдээллээр ижил түвшинд хүрэх шаардлагатай юм байна гэж ингэж л ярьсан. Тэгээд
УИХ-ын дарга энэ хүсэлтийг хүлээж авч, мэдээлэл хийх боломжоор хангаж байгаад
туйлын их баяртай байна.Дөнгөж 5-6 хоногийн өмнө болсон үйл явдал. Тэгэхээр
мэдээлэл гэдэг бол асар чухал юм.
Улаанбаатарыг тойроод
Эмээлт, Хустай, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гээд 6 газар газар доогуур
үүссэн асар том хагархай, ангал байдаг. Та бүхэн бүгдээрээ мэднэ. Газар хөдлөлт
юунаас болдгийг. Газар доогуур явж байгаа цууралт, лава, гулгалтаас болж газар
хөдлөлт үүсдэг. Хэрэв эдгээр хагаралт хоорондоо нийлэх юм бол маш хүчтэй газар
хөдлөлт үүсдэг. Зарим газрын нийлж байгаа байдал их ойртож ирж байгаа. Их
ойрхон болж байгаа. Энэ 6 газар дээр манай шинжлэх ухааны байгууллагууд олон
улсын байгууллагуудтай хамтарч байнга хяналт тавьж харж байдаг. Зургаан газрын
тав дээр нь 7-гоос дээш магнитудын газар хөдлөх нөхцөл байдалтай байгаа.
Сая бас хүмүүс нэлээд
гайхсан. Газар хөдлөлт гээд энд тэнд аппарат суурилуулаад, урьдчилж мэдэгддэг
байгууламж ажиллуулна гээд яриад байсан. Энэ юу болсон бэ. Сая яагаад
дуугарсангүй вэ гэж гайхсан. Энэ бол Улаанбаатар хотод ойр, 20-иодхон км-ийн
хүрээнд болсон, хоромхон зуурт, секундэд газар хөдөлсөн учраас Монголд байтугай
аль ч улсад үүнийг урьдчилж мэдээлэх аргагүй байдаг. Манай суурилуулж байгаа
аппаратууд бол Улаанбаатараас цааш, 200 км-ээс цааш суурилуулсан байдаг. 200
км-т газар хөдлөх юм бол Улаанбаатарт иртлээ, мэдэгдтэлээ 30 секундын хугацаа л
байгаа. 200-400 км-ийн цаана хөдлөх юм бол 1 минутын хугацаа байгаа.
Улаанбаатарт ойр 20
км, 50 км дотор хөдлөх юм бол энэ бол ерөөсөө 1-3 секундын асуудал. Ямар ч
анхааруулга өгөх, дохио ажиллуулах боломжгүй. Зүгээр дохиогоор газар хөдөллөө
гэж анхааруулж болно. Газар хөдөлсний дараа дохио дуугарч болохоор ийм нөхцөл
байдал байдаг гэдгийг энд бас тайлбарлах нь зөв байх.
Энэ үүднээс авч үзэх
юм бол манай хүн амын 40 хувь нь суурьшсан Улаанбаатарын барилга байгууламжийн
нөхцөл байдлыг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энд тайлбарлах шаарлагагүй.
Монголд 7 баллаас дээш газар хөдөлбөл юу болох вэ. Газар хөдлөлтийг орчин үед
тооцоолж болдог, болдоггүй гэж ярьдаг. Газар хөдлөлт бол нэг шалтгаанаар биш,
олон шалтгаанаар үүсдэг гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Тооцоолж болдог юм
бий,болдоггүй юм бий. Тооцоолж болохгүй гэдэг тал нь өнөөдөр 90 хувьтай байдаг.
Ийм учраас энэ мэдээллийг нийт ард иргэдээрээ, ард иргэдээ төлөөлж байгаа
УИХ дээрээ сонсох нь зөв юм. Миний дараа газар хөдлөлтийг шинжлэх ухааны талаас
нь судалдаг шинжлэх ухааны байгууллагын удирдлага маш товчхон мэдээлэл хийнэ.
Та бүхэнд материал тараасан байгаа. Онцгой байдлын газраас мөн мэдээлэл
хийнэ.ҮАБЗ-ийн ажлын албанаас товч мэдээлэл тараасан. Та бүхний цаг үнэтэй
учраас аль болохоор товч тодорхой байхыг хичээсэн юм. Үүн дээр УИХ нь, Засгийн
газар нь ойлгомжтой, ойлголттой байя. Мэргэжлийн байгууллагууд нь ойлгомжтой
байя. Энэ асуудалд хандсан үйл ажиллагаа уялдаатай байх шаардлагатай
гэсэн зүйлээр нэг дэх үндэслэлээ дуусгая.
Хоёр дахь зүйл нь
чиглэсэн үйл ажиллагаа юм.Газар хөдлөлттэй холбоотой, ер нь байгалийн гамшигт хандсан
чиглэсэн үйл ажиллагаан дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Би сая
нэг жишээ хэлсэн. Хангалттай бэлтгэлгүй байж байгаад газар хөдөлсөн сүүлийн 10
жил дотор болсон хамгийн их үр дагавартай тохиолдол гэж авч үзэх юм бол 2010
онд Гаитид болсон газар хөдлөлт байгаа юм. Түүгээр 300 мянган хүн амь насаа
алдсан. Нийслэл хотод нь их ойрхон хөдөлсөн. Саяын Улаанбаатарын 4,4 гэдэг шиг.
Тэгэхэд нийслэл хотын барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан, гэмтсэн
гэсэн дүн гарсан байдаг. Тэр 300 мянга гэдэг дээр янз бүрээр маргадаг хүмүүс
бий. Гэхдээ маш өндөр тоотой хүн амь насаа алдсан. Ийм байдал гарсан. Эндээс
дүгнэлт хийж үзэхэд бэлтгэл хамгийн чухал юм. Сая миний хэлсэн манай
Улаанбаатар, улсын нийслэлийн нөхцөл байдал бол ойролцоо харагдаж байгаа нь их
сэтгэл зовоож байгаа. Манай дээр дүгнэлт хийж үзсэн байна лээ. 6,6 магнитудын
хүчтэй хөдлөхөд юу болох вэ гэхэд Улаанбаатарын нийт барилга байгууламжийн
20-40 хувь нь нурах буюу гэмтэх юм байна. Амь насаа алдах, бэртэж хохирох
хүмүүсийн тоо хэдэн арван мянгаараа гарна. Ийм байдал байгаа. Дээрээс нь бусад
орон бол дулаан газар, далайд ойрхон, гадна дотнын тусламж хурдан ирдэг.
Тэгвэл Монголын байршил ямар билээ. Ялангуяа хүйтний улиралд газар хөдөлбөл яах
вэ. Шөнө газар хөдөлбөл яах вэ. Ийм аюул Монголд гэнэт тохиовол яах вэ.Тохиож
болох дохиолол ойрхон болоод байгаа юм. Нөгөө талаас би олон улсын ганц жишээ
хэлье. Чили улсад 8,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2010 онд болсон. Тэгэхэд
тэнд нийт нутаг дэвсгэрийнх нь бараг 80 хувьд хүрсэн аймшигтай газар хөдлөлт
болоход 525 хүн нас барсан байдаг. Түрүүчийн хэлсэн Гаити улстай харьцуулахад
маш их бэлтгэлтэй, ард иргэд, айл бүхэн нь дор дороо бэлтгэлтэй байдаг учраас
гарсан хохирол, хүний амины хохирол бага гарсан. Мэдээж эдийн засгийн болон
бусад хохирол нь хэдэн арван тэрбум байгаа. Хэрэв мэдээлэл авъя гэвэл Чилийн
газар хөдлөлт, Гаитийн газар хөдлөлт гээд интернэт рүү ороод харвал бүгдээрээ
гарч ирнэ. Таван жилийн дараа дахиад Чилид 8,3 магнитудын газар хөдлөхөд 13 хүн
л амь насаа алдсан. Энэ жишээг би яах гэж хэлээд байна вэ гэвэл бэлтгэлтэй байх
шаардлагатай. Байгууллага, айл өрх, иргэн бүхэн бэлтгэлтэй байх
шаардлагатай.Энэ газар хөдлөлтийг давж гарсан, 7 магнитудаас дээш газар
хөдлөлтөөс хохирол амсаагүй улс орон гэж байхгүй. Үүнийг давж гарсан Засгийн
газар гэж байдаггүй юм байна. 100 хувь хохиролгүй гарсан газар гэж байхгүй юм
байна. Хамгийн гол нь бэлтгэл байдаг юм байна. Гаитид газар хөдөлсний дараа 14
хоног дэлхий нийтээрээ ярьсан. Тэгээд л мартсан шүү дээ. Одоо 5 жилийн дараа
аваад үзэхэд тэр газар хөдлөлтөөс үүссэн хохирлынхоо 20-30 хувийг л Гаити улс
нөхсөн байдалтай байна. Дэлхийгээрээ туслаад, босгох гээд оролдоод зургаан
сарын дараа очиход тэр улсад өчигдөр газар хөдөлсөн юм шиг байдалтай байсан шүү
гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Бид үүнийг өөрийнхөө байж байгаа байдалтай бас
холбож санаа зовох шаардлагатай. Тийм учраас энэ чиглэсэн үйл ажиллагаа гэдэг
дээр юу хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн гол нь бэлтгэл их чухал байдаг юм
байна. Монголд цаашид байшин барилга барья гэвэл хуучин байшин барилга дээрээ
үнэлгээ хийх хэрэгтэй. Ийм үнэлгээний ажлууд явж байгаа. Яг байшин бүрээр
зарлах гэвэл худалдах, зах зээл гэх мэт тал дээр бас асуудал үүсдэг юм билээ.
Тухайн оршин суугчдад нь мэдэгдээд явдаг. Нэг иймэрхүү ажил явж байгаа.
Тэгэхдээ бүх байшин дээр хийгдээгүй. Манайд 7-8 баллаас дээш газар хөдлөлтөд
байшин барилга тэсвэртэй байх хэрэгтэй.
Үүнд өөр стандарт
шаардагдаж байгаа. Энэ асуудлыг хариуцаж байгаа албан тушаалтнууд бий. Эдгээр
хүмүүс дээрх стандарт шаардлагыг мөрдүүлж байх хэрэгтэй.
Гуравдугаарт, Хямралын
үеийн удирдлагын асуудал чухал.Саяны газар хөдлөлт нь 4,4 балл байсан, энэ бол нэлээд
хүчтэй гэсэн үг. Тэгэхээр энэ газар хөдлөлт болоход бидний уялдаа холбоо,
хамтын ажиллагаа муу байсан. УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй бол хэрхэх вэ? Бид
энэ бүхнийг бодолцох хэрэгтэй. УИХ-ын гишүүд хаана цугларах юм, цугларах газар
нь асуудал үүссэн бол хэрхэх вэ? Улс орныг удирдаж буй хүмүүст асуудал гарч,
ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон бол хэрхэх вэ? Олон улс оронд ийм нөхцөл
байдал тохиолдсон. Цэрэг, онцгой байдлын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж
чадахгүй болбол хэрхэх вэ? Энэ бүхнийг маш тодорхой болгох ёстой.
Тэгэхээр Ерөнхийлөгч,
УИХ, Засгийн газраас эхлээд байгууллага бүхэн дээрх зүйлүүдийг цаасан дээр
тодорхой буулгасан байх хэрэгтэй. Гэтэл тэр буулгасан цаас нь нууцын
зэрэглэлтэй байгаад төмөр сейфэнд хийсэн байтал тэр байшин нь нурчихвал хэрхэх
вэ? Энэ бүхнийг цаасан дээр тодорхой буулгах бол бидний хийж чадах хялбар ажил
юм.
Газар хөдлөхөд чухам
юу болдог вэ? Химийн бодис агуулж буй үйлдвэрүүд, онцгой байгууламжуудыг
анхааралдаа авах ёстой. Газар хөдлөлтөөс болж ард иргэд амь насаараа хохирохоос
гадна газар хөдлөлтийн үр дагаварыг тооцоогүйгээс маш их хэмжээний хохирол
амсдаг. Жишээ нь, Сан-Францискод газар хөдөлсний дараах нийт хохирлын 70 гаруй
хувь нь гал түймрийн аюулаас болсон байдаг. Гэтэл энэ нь Монголтой харьцуулахад
ямар өндөр хөгжилтэй оронд болсон билээ.
Химийн хорт бодис
алдагдаж, цахилгаан станцууд нурвал яах вэ? Шугам сүлжээ, инженерийн
байгууламжууд нурлаа гэж бодъё. Гамшгийн улмаас бэртэж гэмтсэн иргэд эмнэлгийн
тусламж авах боломжгүй бол хэрхэх вэ? Холбоо харилцаа тасалдаж, зам харгуй
хаагдсан бол хэрхэх вэ? Таван давхар байшин нурлаа гэхэд хажуугийн бүх замаа
хаачихдаг. Гэтэл өнөөгийн Улаанбаатарын зам, байшин барилгын нягтаршил ямар
байгаа билээ? Газар хөдлөх нь битгий хэл очоод галыг нь унтраая гэтэл
автомашины бөглөрөлөөс болоод хожимдож байна.
Дөрөвдүгээрт, улс
орон, хот суурин газрын хувьд ч гэсэн энэ тал дээр төлөвлөгөөтэй байх
шаардлагатай. Хамгийн түрүүнд
аврах ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Мөн цаашлаад эмнэлэг, түргэн тусламжийн
ажилд анхаарч, орон гэргүй болсон иргэдийн түр орогнох байрны асуудлыг шийдэх
ёстой. Болзошгүй гамшгийн үед гадаадын тусламжийг хүлээж авах нөхцөл бололцоог
бүрдүүлэх нь зүйтэй. Онцгой нөхцөл байдлын үед дэг журам, сахилга батыг
мөрдүүлэх ёстой. Гамшгийн үед халдварт өвчин гардаг. Үүнээс хэрхэн сэргийлэх
вэ? Дараа нь гамшигт эвдэрч сүйдсэн дэд бүтцээ хэрхэн сэргээх вэ гэх мэт
асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингээд авч үзвэл хүндрэлтэй байдал олонтаа гардаг юм
байна.
Зарим хүн гамшгийн үед
монгол гэрт байвал ээлтэй гэж бодож байж магадгүй. Гэтэл газар хөдлөлтийн дараа
гал түймэр гэх мэт аюул занал нүүрлэдэг байх нь.
Тавдугаарт. Эцэст нь
хэлэхэд ард иргэдийн, иргэн бүхний хувийн бэлтгэл, урьдчилан сэргийлэлт хамгаас
чухал байдаг.Газар хөдөлж буй
нөхцөлд амь насаа хэрхэн хамгаалах вэ? Нүд ирмэхийн зуур болж буй энэ гамшгийн
үед ямар шийдвэр гаргах нь чухал. Гамшиг нүүрлэсэн нөхцөлд хаашаа зугтах вэ,
хаана очих вэ гэдгээ айл өрх бүхэн төлөвлөж, тодорхой болгох нь зүйтэй. Наад
зах нь нурангид дарагдлаа гэхэд чухам юугаар дохио өгөхөө сонгох хэрэгтэй.
Дулаан хувцас, хоол ундаа бэлтгэх хэрэгтэй. Гал түймэр гарлаа гэхэд утаа
угаараас хэрхэн зугтах вэ гэдгээ төлөвлөсөн байх ёстой. Өөрөө хүнд байдлаас гарвал
бусдад хэрхэн туслахаа бас бодох хэрэгтэй. Энэ бүхнийг эртнээс тодруулсан байх
хэрэгтэй байна.
Иймээс зөвхөн нийслэл
Улаанбаатар гэлтгүй бусад аймаг, сумын төв, засаг захиргааны нэгж бүхэн энэ
тухай төлөвлөсөн байх хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн мэдээллийг УИХ-ын чуулганаар
хийж байгаагийн ач холбогдол юм. Тэгээд дараа нь асуудал үүсдэг, энэ мэдээллийг
өгч сануулахгүй яасан юм бэ гэж хожим хэлэхгүйн тулд энэ мэдээллийг хийж байна.
Энэ мэдээллийн дараа
та бүхэн санал бодлоо хэлэх байх. Та бүхний санал маш чухал байх болно. Дараа
нь мэргэжлийн байгууллагууд, Засгийн газар хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол
муу ёрлож, муу амлаж байгаа хэрэг биш юм. Бид мэдээж сайн сайхан байгаасай,
гамшиг холуур байгаасай гэж залбирч байна. Социализмын үед бид цөмийн зэвсэг, хими,
бактериологийн зэвсгээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар орон даяар сургалт
зохион байгуулдаг байсан. Тийм муу зүйл болоогүй ч бид бэлтгэлтэй байдаг
байсан. Харин бид өнөөдөр байгалийн болзошгүй гамшгийн өмнө бэлтгэлтэй байх
шаардлагатай болоод байна.
Тиймээс өнөөдрөөс
эхлэн албан байгууллага, засаг захиргааны нэгж бүхэн, иргэн бүр байгалийн
болзошгүй аюулын өмнө өөрийн гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үнэхээр нийслэл
хотын орчимд долоон баллаас дээш хүчтэй газар хөдлөх магадлал өндөр байгааг
судалгаа харуулаад байна. Ийм аюул нүүрлэх нь байна гэж манай шинжлэх ухаан,
судалгааны байгууллагууд сүүлийн үед үргэлж анхааруулах боллоо. Тэгэхээр энэ
асуудлыг зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс, Засгийн газрын ажилтнууд
ярилцаад суух хэрэггүй.
Байгалийн болзошгүй
аюул нүүрлэх нь гэж үймж самуурах, энэ асуудлыг дэврээх хэрэггүй. Зөвхөн
бэлтгэлтэй байх хэрэгтэйг анхааруулж байна. Миний дараа ШУА-ийн Одон орон,
геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл нийслэлийн орчимд газар хөдлөх магадлал
хэр байгаа болон тус судалгааны байгууллагын орчин үеийн багаж хэрэгсэл нь ямар
дүн харуулж байгаа тухай ярина. Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга,
бригадын генерал Т.Бадрал энэ сэдвээр товч мэдээлэл хүргэх болно. Энэ асуудлыг
хариуцдаг Засгийн газрын Шадар сайд мөн энд байгаа. Барилга, хот байгуулалтын
сайд болон нийслэлийн удирдлагууд хүрэлцэн ирж, та бүхний асуух асуултад
тодорхой хариулна. Энэ асуудлаарх та бүхний санал бодол чухал юм шүү.
Анхаарал тавьсанд
баярлалаа” гэлээ.
Ерөнхийлөгч газар хөдлөлтийн гамшгийн талаар мэдээлэл хийсний дараа ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл нийслэлийн орчимд газар хөдлөх магадлал хэр байгаа талаар, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын явцын тухай сэдвээр товч мэдээлэл хүргэсэн юм.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдээлэлдээ\”Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор \”Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”, Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор \”Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус баталсан.
Дээрх төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг Монгол Улсын Шадар сайдын тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөл хариуцан ажиллаж байна.
1.Эрх зүйн орчинг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр:
Монгол Улсын Засгийн газраас \”Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” байгуулж, уг зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталсан.
1. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр
Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум)-т газар хөдлөлтийн идэвхитэй голомт байдаг бөгөөд хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэл хотод их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.
Дээрх бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд байгуулан ашиглаж байна. Энэхүү систем нь газар хөдлөлтийн голомтод чичирхийлэлт мэдрэх 12 станцаас хүлээн авсан мэдээллийг боловсруулж 30 секундын дотор Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлуулсан дуут дохиоллын 60 цамхаг болон 10 радио, 3 телевиз, үүрэн холбооны 2 оператороор дамжуулан иргэд, олон нийтэд зарлан мэдээлэл хүргэнэ.
Онцгой байдлын ерөнхий газар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт зохион байгуулдаг болсон бөгөөд сүүлийн 4 жилд 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2.4 сая орчим хүн оролцоод байна. 2013 онд Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30.000-60.000 орчим хүн нэрвэгдэх тооцоо гарсан.
Нийслэлд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Энэ ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, үүнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн. Дээрх үзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган, шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв, номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын 285000 хүнийг 47 түр байрлалд цуглуулан, 6 чиглэлийн 24 байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдий Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.
1. Боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, нийтийг дадлагажуулах чиглэлээр:
АНУ-ын Аляскийн үндэсний гвардитай хамтран \”Говийн чоно” олон улсын дасгал сургуулийг 4 удаа, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран \”Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дасгал, сургуулийг 2 удаа тус тус зохион байгуулж, болзошгүй газар хөдлөлтийн үед гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиуд хамтран ажиллах талаар туршлага солилцсон. Мөн 2011 оноос хойш давхардсан тоогоор 20 аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгуулж, нийт 12.000 гаруй хүн хамрагдсан байна.
1. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэх5станцыг нэмж байгуулах
- Зарлан мэдээллийн дохио дамжуулах цамхагийг40-өөр нэмэгдүүлэх
- Газар хөдлөлтийг бүртгэх станцуудын ашиглалтын зардлыг төсөвт тусгах
- Аймгийн төв, томоохон хот суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 2016 онд хийж дуусгах
- Улаанбаатар хотын газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх
- Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах хоргодох байр, цугларах талбай зэргийг төлөвлөж, баталгаажуулах
- Бүх аймгийн төвүүдэд шуурхай удирдлагын төв байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас амжиж анхааруулах системд холбох (2015 оны 09 дүгээр сард Булган аймгийн төвд 168 сая төгрөгийн өртөг бүхий зарлан мэдээлэх төвийг байгуулсан)
- Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллага бүр \”Гамшгийн нөөц” бүрдүүлэх
- Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлагын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон” гэв.
ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл хийсэн мэдээлэлдээ:\”2015 оны 10 дугаар сарын 3-ны 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4.4 хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус газар хөдлөлтийн голомт нь хотын төвөөс зүүн хойш 22 км, хотын баруун зах Яармагаас зүүн хойш 38 км, хотын зүүн зах Гачуурт тосгоноос хойш 14 км-ийн зайд болжээ. Тус газар хөдлөлтийн үед Бэлх, Шаргаморьт ба Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Уг газар хөдлөлтөөс 38 секундын өмнө дээрх газар хөдлөлтийн голомтод 3.4 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болсон нь хотын зүүн хойд хэсгийн оршин суугчдад мэдрэгдсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өглөөний 09 цагийн байдлаар тус газар хөдлөлтийн голомтын бүс идэвхтэй хэвээр байгаа бөгөөд сулавтар хүчтэй (магнитуд нь 0.5 – 2.6) давталт хөдлөлт14удаа болоод байна.
Эдгээр газар хөдлөлтүүд Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт буюу Гачууртаас хойш 10 км-ийн зайд орших Гүнжийн хагарлын бүсэд тохиосон. Уг хагарал нь баруунаас зүүн тийш 20 км сунаж тогтсон идэвхтэй хагарал бөгөөд хагарал дээр одоогоос 3-6 мянган жилийн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Сүүлийн 5 жилд хийсэн судалгааны ажлын үр дүнд Улаанбаатар хот орчмын идэвхжилт ажиглагдаж буй бүс нутгуудад хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн Хустай, Эмээлт, Шархай, Авдар,Гүнж, Мөнгөнморьт зэрэг 6 идэвхтэй хагарлуудын бүсийг илрүүлсэн болно.
1. Эмээлтийнхагарал:Баруун гарын хэвтээ шилжилтийг агуулсан огшоолт төрлийн 35 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII-IX баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.1 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
2. Хустайнхагарал. Зүүн гарын хэвтээ шилжилтийг агуулсан нормаль төрлийн 212 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII-IX баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.8 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
3. Гүнжийнхагарал: Баруу гарын хэвтээ шилжилтийг агуулсан огшоолт төрлийн 20 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VII-VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 6.5 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
4. Авдаруулынхагарал:Зүүн гарын хэвтээ шилжилтийн төрлийн 50 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VII-VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.2 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
5. Шархайнхагарал:Зүүн гарын хэвтээ шилжилтийн төрлийн 50 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.2 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
6. Мөнгөнморьтынхагарал:Баруун хойшоо уналтай 90 км урт тохрол хэлбэрийн хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод V-VI баллаар мэдрэгдэх магнитуд нь 7 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.
Сүүлийн 10 жилийн (2005 – 2015) хугацаанд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж нийтдээ магнитуд нь 0.1 – 5.2 хүчтэй 10397 удаагийн газар хөдлөлт болоод байна. Ялангуяа сүүлийн 5 жилийн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс үзэхэд жилээс жилд нэмэгдсээр байна. (2011 онд 400; 2012 онд 797; 2013 онд 2148; 2014 онд 1147; 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 896 газар хөдлөлт болсон байна). Үүнийг идэвхжилт эхэлсэн хугацаанаас өмнөх онуудтай харьцуулахад дунджаар 3-5 дахин ихэссэн үзүүлэлт гарсан. Үүний зэрэгцээ тус бүсэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн мэдэгдэм хүчтэй (M≥3.5) газар хөдлөлт 3 удаа болсон. Үүнд:
- 2009 оны 03 дугаар сарын 22-нд Төв аймгийн Сэргэлэн суманд орших Өндөр довын давааны орчим магнитуд нь 4.1 хүчтэй,
- 2013 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын баруун захад Эмээлт өртөөний орчимд магнитуд нь 3.8 хүчтэй,
- 2015 оны 10 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн Улиастайн амын Шарын хоолойд магнитуд нь 4.4 хүчтэй газар хөдлөлтүүд болоод байна.
Манай эрдэмтэн судлаачдын 1971 онд зохиосон анхны \”Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураг”-аар хотын нийт талбай нь VI, VII, VIII баллын бүсэд хуваагдсан байдаг. Уг ажилд Улаанбаатар хот орчимд шинээр тогтоогдоод байгаа хүчтэй газар хөдлөлтийн голомтуудаас үүсэх аюулыг тооцоогүй нь өнөөгийн шатанд ашиглахад учир дутагдалтай юм. Дээрх шалтгааны улмаас 2013-2015 онд \”Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэн, одоогоор экспертийн үнэлгээ хийгдээд барилгын норм дүрэмд оруулахаар ажиллаж байна.
Бичил мужлалын судалгаа хийгдээгүй 12 аймгийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг зохиох судалгааны ажлыг 2013 онд эхэлсэн. Одоогоор бүх хээрийн судалгааны ажлууд хийгдсэн ба хагарлын дээжид лаборотарийн шинжилгээ хийлгэх, тооцоолол болон зураг зохиох ажлууд хийгдэж байна. Уг төслийн ажлыг 2016 оны эцсээр дуусган, БХБЯ–нд 2017 оны эхний улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Цаашид Улаанбаатар хот орчмын хагарлуудын нарийвчилсан судалгаа хийх, хуучин хийгдсэн 9 аймгийн бичил мужлалын зургийг зохиох ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн 1983 онд зохиосон Монгол орны газар хөдлөлийн ерөнхий мужлалийн зургийг шинэчлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн төсөл дэвшүүлээд байна” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авч, мөн байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээрээс тоймлон хүргэе.
УИХ-ын дарга З.Энхболд :-Нэрээ хэлээд санал асуулгаа эхлүүлье.
УИХ-ын гишүүн Г.Уянга:-Маш чухал мэдээлэл өглөө гэж бодож байна. Хүн болгонд хэрэгтэй, анхааралдаа авсан байх. Сонор сэрэмжээ дээшлүүлэх байх гэж бодож байна. Гэхдээ энэ мэдээллүүдийг сонсоод сууж байхад нэг зүйл бодогдлоо. Ингэж мэдээлэх шаардлага байсан уу. Арга нь зөв үү. Олон нийтийг түгшээж, сандрал төрүүлж, сэтгэл санааг нь үймүүлж мэдээлэх шаардлага гарцаагүй үүссэн үү. Иймэрхүү асуудалд төр бэлтгэлтэй байх ёстой. Бэлтгэл ямар түвшинд байгааг саяын танилцуулгаас сонсож мэдлээ. Иймэрхүү асуудлыг байнга ярьж байдаг түүнд бэлтгэлээ хангаж байдаг байгууллага бол төр гэж ойлгодог. ОБЕГ анхааралдаа аваад сүүлийн үед ойр ойрхон хамгаалах, урьдчилан сэргийлэх, сургалт явуулж, бэлтгэл ажлыг хангуулж, Төрийн ордонд хүртэл газар хөдөлбөл юу болох вэ, гал гарвал яах вэ гэх мэтээр сургалт хийж байсан. Олон сургууль дээр бас хийж байгаа юм байна. Төр ажлаа хийж байгаа юм байна гэж харсан.
Төсөв хэлэлцэхийн өмнө мэдээлэл хийсэн нь ийм аюул байгаа учраас төсвөө нэмэгдүүлэх шаардлагатай байна шүү гэдгийг хэлж байж магадгүй. Төсөв хүнд гарцаагүй асуудал байгаа. Нэн тэргүүнд төсвөө нэмэх шаардлага байна гэдгийг хэлэх гэж байгаа бол олон нийтийг түгшээж хэлэх шаардлага байсан уу гэж бодогдож байна. Магадгүй Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх , ОБЕГ-ын төсвийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа байх. Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэнгүүт Үндсэн хуулийн Цэцэд машин авч өгөөд байж болохгүй. Яг энэ арга хэмжээндээ зарцуулах ёстой. Төр гэж байдаг бол яг энэ арга хэмжээг мэддэг газар нь нийслэл, УИХ , Засгийн газар, ОБЕГ, Шадар сайд нь иж бүрэн мэдээлэлтэй байгаад мэдээллийнхээ дагуу төр шиг ажиллах ёстой. Хүн болгоны зүрхийг өвтгөн түгшээх шаардлагагүйгээр айлуудад сургалт хийдэг, байшин барилгаа янзалдаг, түрүүний хэлсэн арга хэмжээгээ авдаг, бид нар мэдээлэл авсны үндсэн дээр төсөв хөрөнгө шийдэж өгдөг ийм л арга хэмжээ явах ёстой байх. Нийтээр түгшээх шаардлага гарцаагүй үүссэн гэж үзэж байна уу? Энэ нь 12 дугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэдэгтэй юугаараа ялгаатай байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын дарга З.Энхболд:-Зөвхөн төрийн ажил биш учраас бүх хүмүүсийг бэлтгэлтэй бай гэж байгаа шүү дээ. Давтамж графикийг үзүүл дээ. Түүнийг харахад хүн болгон анхаарах хэрэгтэй байгаа. Миний ажил биш гэж бодож болохооргүй болчихоод байгаа. Мэдээлэл хүргэхийн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хүн болгон би ямар бэлтгэлтэй билээ гэж бодож бэлтгэл хийх хэрэгтэй болж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Ярьж байгаа нь зөв байх, анх удаа ч ярьж байгаа биш байх. Хэд хэдэн удаа ярьж байсан. Би андуураагүй бол УИХ дээр Ерөнхийлөгч 3 жилийн өмнө айхтар хүчтэй ярьж байсан. Өнөөдөр ярьж байсан шиг зүйлүүдийг ярьж байсан. Давтамж байнга нэмэгдэж байгаа тухай. Хамгийн гол нь яриад л байдаг, ярьснаасаа хойш манай төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь чухал байна. Яг юу хийсэн бэ, төсөвт тусгаад ийм ийм зүйлийг хийх шаардлагатай байна гэсэн асуудал яригдсаныг би санахгүй байна. ОБЕГ таван цэг байгуулах шаардлагатай гэж ярилаа. Ярих биш юм л хийж тодорхой төлөвлөгөө хиймээр байна. Төсөвт жил бүхэн ингэж тусгаж байя гэдэг юм л хамгийн чухал байна. Яриад арга хэмжээ авахгүй байна гэдэг бол \”Бид та бүхэнд хэлж байсан шүү. Иргэд өөрсдийгөө хамгаалаагүй шүү, юу ч хийгээгүй шүү. Анхааруулж л байсан” гэх мэтээр хаяагаа манах маягийн юм дараа нь болоод өнгөрөх вий гэж бодогдох юм. Барилгын компаниуд шаардлага хангасан юм хийж байна уу.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга:-Газар хөдлөлт нийслэлийн анхаарах асуудлыг нэг зайлшгүй мөн. 2014 онд барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нягталж шалгадаг орчин үеийн багажуудыг 93 сая төгрөгөөр авч байрнуудын шинжилгээг хийсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцны 3100 орчим барилга байдаг. Үүний 30 гаруй хувийн газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэдэг шинжилгээг хийсэн байдаг. Сүүлийн үеийн тодорхой барилга байгууламжийг стандарт гэж ойлгож үзэхгүй байгаа. Яг үзэх ёстой барилга байгууламжийнхаа 90 гаруй хувьд нийслэл үнэлгээ хийсэн гэж үздэг. Эндээс үзэхэд 166 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээг нийслэийн ерөнхий төлөвлөгөөний хийсэн. Энэ бүхний дагуу улсын мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ бичдэг .
Нийт 150 барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гээд дүгнээд оршин суугчдад мэдээлсэн. Сургууль 27, цэцэрлэг 51, эрүүл мэндийн байгууллага 8, соёл урлагийн байгууллага 4 газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилээс үнэлгээ хийгээд хүмүүст мэдэгдэх өөр хэрэг, цаашид үүнийг бууруулах тодорхой арга хэмжээ авах ёстой. Нийслэл ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж дахин барилгажуулах, энэ журмыг ИТХ-аар батлаад Засаг даргаас зохион байгуулаад хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд манай ерөнхий төлөвлөгөөний газар 8 барилгад сонгон шалгаруулалт зарласан, нэмээд 5 барилгад зарласан. Сонгон шалгаруулалтын нэлээн хийж явж байгаа. 150 барилгаас 85 барилгыг сонгон шалгаруулалтаар сонгоод ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал:-Энхтүвшин гишүүний асуусан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тухайд бол 2011 онд эхэлсэн ажил 2014 онд дууссан. 2014 онд Засгийн газрын 118-р тогтоолоор цаашид хийх ажил гээд дараагийн төлөвлөгөө 108 заалттай гарсан. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажиллаж эхэлснээс хойш манай салбар хоорондын хамтын ажил уялдаатай болж эхэлж байгаа. Хоорондоо мэдээлэл сайн солилцож байна. Ялангуяа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МХГ, ЭМЯ, Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, уялдаа холбоо сайжирсан гэж бодож байна.
УИХ-ын дарга З.Энхболд: -Саяын газар хөдлөлтөөр аль байгууллага манлайлаад ямар арга хэмжээнд орсон бэ? Тэр чинь та нарын бэлэн байдлыг шалгах гэнэтийн шалгалт боллоо шүү дээ. Төлөвлөгдөөгүй шалгалт. Тэр үеэр яг юу болж хэн голлосон, хэн нь ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Лав л мэдээлэл бол өгдөг юм байна лээ. Түүнээс өөр юу хийсэн бэ?
ОБЕГ-ын дарга Т.Бадрал:-Манай систем 4,5 баллаас ажиллаж эхэлдэг. Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөний 2.1.4 дотор газар хөдлөнгүүт ОБ алба улсын онцгой байдлын гишүүд болон төрийн өндөрлөгүүдэд мэдээлэл хүргүүлэх шаардлагатай. 4,5 систэм ажиллаагүй учраас ард иргэдэд мэдээлэх шаардлагагүй юм байна гэж үзэж цааш нь мэдээлээгүй.
Ер нь бол энэ тохиолдолд Монгол Улсад манай иргэдийн гамшгаас өөрийгөө болон хөршөө хамгаалах мэдлэг доод түвшинд ирсэн. Хуучин цагийн иргэний хамгаалалтын сургууль маш идэвхтэй явагддаг байсан. Энэ сургуулийг жил болгон 5 аймагт хийдэг. Цаг хугацаагаар бол таван жил тутам нэг аймагт хийгддэг. Сумдад мөн ялгаа байхгүй таван жил тутамд хийгддэг. Гамшгаас өөрөө өөрийгөө урьдчилан сэргийлэх сургалтад ард иргэд хамрагдаж явж байгаа. Гэсэн хэдий ч хамгийн түрүүнд бидний хийх ёстой ажил бага болон дунд боловсрол, их дээд сургуулиудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох, амьдрах ухааны сургалтыг зайлшггүй явуулах шаардлага байгаа. БШУЯ-д хандаад 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хөтөлбөрийг бид боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр, хүүхэд бүхэн өөрөө өөрийгөө авран хамгаалах мэдлэг боловсролтой болох сургалт хөтөлбөрүүд бэлэн болсон. Сургалтын гарын авлагууд нь бэлэн болсон” гэв.
Мэдээлийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч товч үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлэхдээ \”Би анх удаа Ерөнхий сайдаар томилогдоод гурван зүйлээс айж явснаа дараагийн хүндээ хэлж, сануулж байсан. Байгалийн гамшиг, газар хөдлөлт болох вий. Ган, зуд, аюултай үер болох вий гэдгээс болгоомжилдог, айдаг. Хүн ам олноор суурьшсан газарт тарваган тахал, халдварт өвчин гарах вий гэдгээс санаа зовж болгоомжилдог байсан. Олон хүнийг хамарсан тээврийн хэрэгсэл, онгоц, унааны ослоос болгоомжилдог байсан. Одоо ч санаа зовж байгаа.
Үүнээс сэргийлэх талаар дарга нараас гадна иргэдэд мэдээлдэг, жилдээ нэг удаа УИХ дээр ярьдаг байх хэрэгтэй. ҮАБЗ дээр жил бүрийн 1 дүгээр сарын 22-нд сонсдог болж тогтсон. Ирэх оны 1 дүгээр сарын 22-нд Шадар сайд Ц.Оюунбаатар ҮАБЗ дээр мэдээлэл хийх ёстой. Засгийн газар дээр ярьж, шаардлагатай асуудлыг УИХ-д тавьж шийдүүлэх ёстой. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж УИХ-аас тодорхой чиглэл өгсөн тогтоол шийдвэр гаргуулбал үр дүнтэй сайн болно гэж бодож байна. УИХ төдийгүй нийслэлийн ИТХ, аймгуудын ИТХ энэ асуудлыг тодорхой авч хэлэлцэх хэрэгтэй. Төрд ажиллаж байгаа хүмүүс иргэдээ бодож үүнийг ярих хэрэгтэй.
Хэдэн арав, зуун жилийн дараа, тодорхой хугацааны дараа гамшиг тохиовол үүнийг 100 жилийн өмнө, 20 жилийн өмнө УИХ-аар яриад ийм ийм арга хэмжээ авч байсан шүү гэж ярих байх. Тодорхой хугацааны дараа Монголын бүх барилга 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжтой болж болно. Өнөөдөр зарим оронд ийм хэмжээнд хүрчихсэн. Дэд бүтэц, инженерийн байгууламжаа ийм хэмжээнд хүргэх ажлаа өнөөдрөөс эхэлье.
Гамшгийн дараа хохирох, цочирдох, бухимдах биш гамшгийн өмнө бэлтгэж, үйл ажиллагаандаа тусгаж, бэлтгэлээ хангах нь чухал. Гамшгийн өмнө нэг ам.доллар зарцуулаагүй бол гамшгийн дараа 7 ам.доллар болж өснө. Бас нэг ийм үг байдаг. Гамшгийн өмнө зарцуулсан нэг цаг гамшгийн дараа зарцуулах 160 цагтай тэнцэнэ ч гэдэг. Яг тийм л байгаа. Ийм учраас бид ҮАБЗ дээр энэ асуудлыг жил бүр ярьдаг механизм тогтоосон.
Ард иргэд мэдээлэлгүй байх юм бол их цочирдож бухимддаг. Мэдээллийн араас ажлууд хийх юм бол зарим нэг учирч болох аюулаас хохирол багатай гарч болно.
Өнөөдөр энэ хүсэлтийг хүлээн авч сонссон, санал бодлоо илэрхийлсэн эрхэм гишүүдэд дахин талархал илэрхийлье. Баярлалаа” гэлээ.
Эх сурвалж: president.mn